Салхинд гарч амрахаар явсан цагдаагийн алба хаагчид нэгнийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 09-10-нд шилжих шөнө гарсан билээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид “Тэрэлж”-д амарч байгаад хоорондоо маргалдаж, улмаар Х гэгч амиа алдсан байдаг.
Эл хэрэгт 31 настай Б.Өлзийбуянг сэжигтнээр татан, Эрүүгийн хуулийн 91.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокуророос яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Б.Өлзийбуянд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм.
Түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Х.Өлзийбуян нь Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дэд даргын туслах, цагдаагийн ахлагч нэгэн бол талийгаач Х ахлах нууцын мөрдөн байцаагчаар ажилладаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )