Дөрвөн баллын газар хөдлөлтөд нурах аюултай, ашиглалтаас гарсан 150 барилга Улаанбаатар хотод байна. Байцаагчдын дүгнэлтээр актлагдсан 87 барилгыг эхний ээлжид нурааж, дахин төлөвлөхөөр техник эдийн засгийн үндэслэл /ТЭЦҮ/-ийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулж,батлуулжээ. Тухайлбал ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс Барс захын хойно Нарны гүүрний баруун талд байрлах хуучны хоёр давхар барилгуудыг нурааж, газарт нь шинэ орон сууц барихаар төлөвлөсөн байх юм. Мөн өнгөрсөн намар Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлалтай “19-ын автобусны буудал”-ын хажууд байрлах нурах дөхсөн хоёр давхар орон сууцын барилгын нэгийг нь нурааж, шинэ орон сууцын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Нэг жигүүрт нь 90 айл байх “Морьтон” цогцолборын эхний ээлжийн барилга ирэх хавар ашиглалтад орох юм. Нөгөө 90 айлын орон сууцны шинэ барилгыг үлдсэн хуучин цагаан байрыг нурааж дахин төлөвлөн барина. Харин хотын А бүсэд байрлах бага тойруугийн 40, 50 мянгатын ашиглалтаас гарсан орон сууцуудыг шинэчлэн барих ажлыг сонгуулийн дараа ирэх намраас эхлүүлэхээр болжээ.
Ингэхдээ тухайн барилгад амьдардаг иргэдийн саналыг авч нийт оршин суугчдын 80 хувь нь дэмжвэл дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх барилгын компаниудыг нийслэлээс шалгаруулж, газрыг нь өгөх аж. Барилгыг нурааж, барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд компаниуд нийслэл, иргэн, компани гэсэн гурван талт хийгдэх гэрээний дагуу иргэдийн байрны түрээсийн төлбөрийг даана зэргээр иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, хуучин орон сууцуудыг шинэчлэх тооцоог хотын удирдлага гаргажээ.

Сэтгэгдэл ( 1 )
маш зөв юм хийхгэч байна сайн байна