Ил зогсоол барих 27 байршлыг тогтоож өгсөн гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 26

Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 60.9 хувь буюу 411 мянга гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа нь замын түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийг дагаад зогсоолын асуудал тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг болж байгааг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас мэдээллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн газар дээрх болон доорх авто зогсоолын барилга байгууламж, ил зогсоолыг төлөвлөх журмыг өнгөрсөн оны 10 дугаар сард баталсан юм. Энэхүү журмаар иргэн, хуулийн этгээдийн санаачилгаар авто зогсоолын гурван төрлийг төлөвлөх, барих эрх зүйн зохицуулалтыг шийдэж өгсөн байна. Авто зогсоолын төрлийн хувьд ил зогсоол, авто зогсоолын барилга байгууламж мөн газар доорх авто зогсоолын барилга байгууламж гэсэн гурван төрөлд хуваагддаг. Нийслэл хотод олон давхар ил зогсоол барих байршлыг судалгааны үндсэн дээр болон иргэдийн саналын дагуу шийдэж 27 байршлыг тогтоож өгсөн талаар НЗДТГ-ын Барилга, Хот Байгуулалтын хэлтсээс мэдээлж байна. Харин дээрээ тохижилттой газар доорх авто зогсоолын барилгын хувьд орон сууцны хороолол дундах талбайг ашиглах нь хамгийн боломжит хувилбар байдаг аж. Одоогийн байдлаар Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас 30 байршлыг тогтоож өгчээ. Мөн хорооны иргэд хамтран санал гаргасан тохиолдолд нийслэлээс асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top