“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам батлагджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 25
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийгэмд хүлээлт үүсгээд байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журмын талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн журам батлагдсан уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор 2015 онд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг боловс­руулах чиг үүргийг Барилга хот байгуулалтын яаманд даалгасан байдаг. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан.

Энэ өөрчлөлтөөр ТОСК –ын захиалгаар баригдсан нийт 929 байр буюу нийслэлд 329, хөдөө орон нутагт 529 орон сууцыг эхний ээлжинд хөтөлбөрт хамруулахаар болсон байгаа. Засгийн газрын тогтоол нэгэнт батлагдсантай холбогдуулан, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг Барилга хот байгуулалтын сайдын зүгээс боловсруулж, баталлаа. Ингэхдээ Монголын 21 аймаг, нийслэл, бусад холбогдох газруудаас санал авч боловсруулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Журамд түрээсийн орон сууцны м.кв-ын үнийг хөдөө орон нутагт 4000, нийслэлд 5500 төгрөг байхаар тооцож оруулсан. Мөн орон сууцны талбайн хэмжээ нь 30-50 м.кв хүртэл байх юм.

Зөвхөн Төрийн өмчийн хөрөнгөөр баригдсан орон сууцнуудыг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах уу гэдэг асуултыг сэтгүүлчид их тавьдаг.  Тэгэхээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөр зөвхөн 929 орон сууцаар хязгаарлагдахгүй, цаашдаа тасралтгүй үргэлжлэх процесс байх ёстой. Үүний тулд бид өнөөдрийг хүртэл холбогдох газруудтай хамтран ажиллаж, дүрэм журам, Засгийн газрын тогтоол дээрээ ажиллаад явж байна. Хэрэгжүүлэх чиг үүрэг нь ТОСК-д ногдож байгаа. Мөн журмыг дагаад ТОСК дотооддоо журмаа боловсруулж, хамтарч ажиллах орон нутаг, нийслэл, иргэдтэйгээ гэрээ байгуулж байж, журам хэрэгжиж эхэлнэ гэж ойлгоорой.

-Түрээсэлж буй байраа өөрийн болгох боломжтой юу. Энэ талаар журамд хэрхэн тусгасан бэ?

-Бидний хамгийн анхаарал татсан асуудлын нэг бол яалт ч үгүй түрээсийн байраа хэрхэн өмчлөх вэ гэдэг асуудал. Өнөөдөр урьдчилгаа төлбөрөө төлж, хуримтлал үүсгэж чадахгүй байгаа ч, орон сууцныхаа түрээсийн төлбөр, урьдчилгаа, ашиглалтын зардлаа бүрэн төлөх чадвар бүхий ажил эрхэлдэг иргэд хөтөлбөрт хамрагдан байраа өмчлөх боломжгүй байгаа. Үүнийг тусад нь журмаар зохицуулах хэрэгтэй.  30-50 метр.кв байрны үнийг олон жилийн турш төлөөд өөрийн болгох боломжтой иргэд ховор байгаа.

Үүний тооцоо судалгааг нь бид хийх ёстой. Урт хугацаандаа тухайн түрээсэлж авсан байрынхаа үнийг төлөөд, эргээд төлсөн хугацаа, мөнгөн дүнг нь хараад тооцоход тухайн байрныхаа үнийн 30 хувийг төлчихсөн байвал ТОСК үүнийг үргэлжлүүлээд орон сууцны ипотекийн зээлэндээ оруулаад явах бүрэн боломжтой. Үүнийг тусгай журмаар,  гэхдээ түрээсийн орон сууц хөтөлбөртөө нэмэлтээр оруулж өгөх зохицуулалтыг хийх ёстой гэж бид үзэж байгаа. ТОСК энэ тохиолдолд арилжааны банкуудтай гэрээ байгуулж ажиллана.

-Түрээсийн сууцанд тавигдах шаардлагын тухайд журамд хэрхэн тусгасан бэ?

-Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн, инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна гэж тусгасан.

-Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг хэн зохион байгуулах вэ?
-Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, харин Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар зохион байгуулна. Түүнчлэн хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах боломжтой байгаа.
 
-Төлбөрийн нөхцөлийн талаар тодруулаач?
-Орон сууцныхаа түрээсийн төлбөрийг сар сардаа төлөх боломжтой. Гэхдээ болзошгүй эрсдэл учирч болзошгүй гэж үзсэний үндсэн дээр барьцаа авах шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс барьцаа болгон эхний гурван сарын түрээсийн төлбөрийг төлөх шаардлагатай.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт хэн хамрагдах вэ. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Төрөөс баримталж буй бодлого маань өөрөө зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн. Бид журамдаа залуу гэр бүлдээ нийслэлд 20 хувь, орон нутагт 10 хувь, Төрийн албан хаагчид, ялангуяа ажил мэргэжлийнхээ онцлогоос хамаарч, хөдөө орон нутагт сэлгэн ажилладаг төрийн албан хаагчдад 15, 30 гэсэн хувиар, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг 30 болон 20 хувиар, 0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйд  10, Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд 15, 20, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг тав, Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрхөд тав гэсэн хувиар олгоно гэж тусгасан байгаа.

-Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шалгуур нь юу вэ?
-Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн, тухайн орон нутагтаа түр буюу байнга оршин суудаг, тогтмол орлоготой,  орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх юм. Мөн гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх шаардлагатай.

Б.ДАВААХҮҮ


Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(202.5.206.4) 2025 оны 03 сарын 13

Хөдөө орон нутагт ч хугацаагаа хойшлуулалгүй хэрэгжүүлж эхэлвэл бидний амтдрал ихээхэн хэрэгтэй байна. Орон сууцны зээлэнд хамрагдах гэхээр цалин хүрэхгүй, урьдчилгаа мөнгө муутайгаас хамрагдаж чадахгүй байна. Энэхүү журамаа түргэн хэрэгжүүлээрэй. Ялангуяа хөдөө орон нутгийн ард түмэн хүлээж байна.

1  |  0
А(202.5.206.4) 2025 оны 03 сарын 13

Нийтийн орон сууцнаас гадна төслөөр баригдсан хувийн орон сууцыг 8% ийн зээлээр авч болох уу.

1  |  0
Top