Сар шинийн баяр дөхөж байгаа эдгээр өдрүүдэд ард иргэдийн хувьд идээ цагаагаа бэлдэх гээд завгүй өдрүүд үргэлжилж байгаа. Айл хотлоороо тэгш дүүрэн баярладаг цагаан сарын баярыг цагаан идээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл идээ, цагаагаараа тэргүүн эгнээнд байдаг Архангай аймгийн Тариат сумын иргэд өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд Монгол бөхийн өргөөний гадаа талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. Ингэхдээ Тариат сум, Нийслэлийн БЗД-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа нийт малчдаас талбайн түрээс, татвар зэргийг авахгүй чөлөөлснөөр иргэдийн гар дээр хүрч очих бүтээгдэхүүний үнийн хувьд ч уян хатан байгаа гэдгийг дуулгахад таатай байна. 2013 онд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б. Болор уг үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулснаар ийнхүү жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм.

Тариат сумын Засаг дарга: Г.Алтан-Очир
Архангай аймгийн Тариат сумын иргэд сар шинийн баярыг угтан цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Анх 2013 онд манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Болор Тариат сум, Нийслэлийн Баянзүрх дүүргийг хамтран ажиллахад холбож өгсөн юм. Үүний үр дүнгээр малчид ямар нэгэн татвар, хураамж, түрээс төлөлгүйгээр идээ цагаагаа борлуулж байна. Мөн үүгээр зогсохгүй боловсрол, эрүүл мэнд, төрийн албаны туршлага солилцох гэм мэт асуудлуудаар БЗД-тэй хамтран ажиллаж байгаа гэж ойлгож болно. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаас хойш нийслэлчүүддээ эрүүл хүнс, цагаан идээг хүргэж чадаж байгаа гэж ойлгож байгаан. Өнгөрсөн жил үзэсгэлэн худалдаанд 80 гаруй хүн оролцож байсан бол энэ жил хүрээгээ улам тэлж 100 гаруй хүн оролцож байна. Тариат сумын хувьд өнгөрсөн жил шинэ эмнэлэгтэй болсон. Сумын төвийг шинэчлэх таван тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Түүнчлэн зам, цэвэр бохирын системийг шийдэж байгаа гэх мэт олон шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар ямар, ямар ач холбогдолтой байна вэ?
Малчид ямар нэгэн ченжийн дамжлагагүйгээр цэвэр бүтээгдэхүүнээ өөрсдийн гар дээрээс эцсийн хэрэглэгчидэд хүргэж байгаа нь маш том давуу тал юм. Хоёрдугаарт Архангай аймаг цагаан идээний нутаг учраас хамгийн сайн, чанартай цагаан идээг иргэд худалдаж авч хэрэглэх боломжтой юм.
Үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ борлуулах иргэдийг хэрхэн сонгодог вэ?
Аль болох үйлдвэрлэлийн хэмжээнд явагдаж байгаа бүтээгдэхүүнийг оруулахыг зорьдог.
Цагаан идээг худалдан борлуулах үнийг хэрхэн тогтоож байна вэ? Малчдын гараас шууд эцсийн хэрэглэгчдэд хүргэж байгаа учраас үнийн хувьд уян хатан байгаа болов уу?
Үзэсгэлэн худалдаа цөөхөн хоног болдог. Тиймээс малчид аль болох боломжийн үнээр тогтсон хугацаандаа хурдан зарж борлуулахыг зорьдог. Зах зээлийн үнээс 4000-5000 төгрөгөөр хямд байж чадаж байгааг хэлэхэд таатай байна.
Тариат сумын иргэн Б.Түвшинжаргал:
Та өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд хэд дэхь жилдээ оролцож байна вэ? Үзэсгэлэн худалдааны талаархи өөрийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Миний хувьд үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна. Бид өөрсдийн гарын цагаан идээг ямар нэг хүнээр дамжуулахгүйгээр бодсон үнээрээ зарж байгаа нь малчид бидэнд маш их ашиг тустай байна. Аймаг сумын удирдлага, УИХ-ын гишүүд ард иргэд бидний санал бодлыг асууж, сонсож бидний амьдралд маш их тус дэмтэй ажилладаг байгаа. Энэ үзэсгэлэн худалдааг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа нь бидний амьдралд маш их тус дэм болж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэдээс талбай, түрээсийн үнэ авдаггүй гэсэн. Тэгэхээр малчид та бүгдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ авчраад л зарж борлуулж шууд ашиг олж байна гэж ойлгож болох уу?
Тэгэлгүй яахав. Бид нараас ямар ч түрээс мөнгө авалгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг нь маш талархууштай. Мөн худалдаа явуулах өдөр, зай талбай, байршлын хувьд бидний санал бодлыг сонсож байж зохион байгуулж өгдөг. Малчид бидний хувьд хамгийн том асуудлын нэг бол цагаан идээгээ борлуулах байдаг. Ганцхан цагаан сараар үзэсгэлэн худалдаа зохион байгуулаад зогсохгүй цагаан идээгээ зарж борлуулах боломжит нөхцөлөөр хангаж өгдөг нь иргэдийн амжиргааг маш том зүйлээр дэмжиж өгч байгаа гэж ойлгож баярлаж явдаг.
Эдгээр ажлуудаас өөр танай сум, аймгийн хөгжил хэрхэн явагдаж байна? Иргэдийн амжиргааны хувьд ахиц, дэвшил байна уу?
Амжиргааны төвшингөө сайжруулж жижиг дунд бизнес эрхэлж буй, эрхлэхийг зорьж байгаа иргэдийг “Сум хөгжүүлэх сан”-аас дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулж мөнгөн тусламж үзүүлсэн . Ингэснээр иргэдийн амжиргаа сайжирч, дээшилж байгаа гэж ойлгож болно. Мөн манай сум Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон нь үнэхээр сайшаалтай.
Тариат сумын өндөр настан Б.Хүчитбаатар:
Сайн байна уу? Та үзэсгэлэн худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ? Үзэсгэлэнгийн талаархи санал сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
2013 онд одоогийн Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б. Болор манай сумыг БЗД-тэй холбож үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд гуравдахь жилдээ явагдаж байна. Бид өөрсдийн гараар бэлдсэн идээ цагаагаа өөрсдөө зарж борлуулж байгаа нь орлогыг нэмэгдүүлж , амжиргааг дээшлүүлж байна. Тиймээс манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүддээ баярласан талархснаа илэрхийлэхэд таатай байна.
Танай тойргоос сонгогдсон гишүүд ард иргэд рүү чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хийж байна гэж ойлгож болох нь ээ?
Тэгэлгүй яахав. Манай тойргоос сонгогдсон гишүүд сонгогдсон цагаасаа хойш Солонготын даваа хүртэл авто зам тавьсан. Мөн сум хөгжүүлэх сангаар маш олон олон ажлыг хийж халуун устай , ахуйн үйлчилгээний цэгтэй болгосон гээд дурдаад байвал их ажлуудыг хийсэн байна. Сум дундын эмнэлгийг машинтай болгосон гэх мэт ажлын үр дүн байна. Ард иргэд бидний амьдрал өдөр өдрөөр дээшилсээр байгаа гэж хэлж болно.
Сэтгэгдэл ( 1 )
uzesgelen ntr geed yun ch surtei yum be dee