“PEACE AWARD-2015” ШАГНАЛЫН ЭЗНЭЭР МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙН ЗАХИРАЛ Х.ХАТАНБААТАР ТОДОРЛОО

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 22

2015 оны I сарын 21-ний өдөр “Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энх тайваны зөвлөл” зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагууд өөрсдийн нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа гардуулах ёслолын арга хэмжээ Улаанбаатар зочид буудлын хүндэтгэлийн танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тав дахь жилдээ зохиогдож буй уг ёслолын арга хэмжээ нь нийгэм, хүмүүнлэгийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан улс орны хөгжил дэвшил, эв нэгдэл, энхийн төлөө бодит ажил үйлс нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнийг шагнадгаараа онцлог юм. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр өмнөх жилүүдэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Дэлхийн Энхтайвны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн С.Эрдэнэчулуун нар тодорч байжээ. Энэ жилийн Энхийн шагналд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас 20 хүний нэр дэвшсэнийг шүүгчдийн комисс нарийн шалгуур үзүүлэлтээр шүүн тодруулсан бөгөөд энэ удаагийн Энхийн шагналтнаар Монголын хүүхэд залуучуудын боловсрол мэдлэг, оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Монголын Оюун Ухааны Академи”-ийн тэргүүн, олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер Хандсүрэнгийн Хатанбаатар ийнхүү шалгарчээ.

Шагналын эзэн Х.Хатанбаатар нижигнэсэн алга ташилтын дунд хэлсэн үгэндээ “Peace award хэмээх нэр хүндтэй шагналд тодорхойлж, шалгаруулж “Энхийн шагналтан”-аар та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Энд их олон нэр хүндтэй зочид төлөөлөгчид болон өмнө нь Энхийн шагналтнаар тодорсон Монголын бүтээлч эрхмүүд бүгд хүрэлцэн ирсэн байна. Та бүхнээс надад өгч буй энэ их итгэл, урам зоригоор цаашдаа улам ихийг хийж бүтээж, Монголынхоо хөгжилд, хүүхэд залуучуудын боловсрол мэдлэгт хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Х.Хатанбаатар нь 2009 онд хүүхэд, залуус, ахмад үеийнхэнд сурах арга барилыг олгох оюуны хөгжлийн олон талт сургалтууд зохион байгуулах, оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын Оюун Ухааны академийг санаачлан байгуулсан цагаас хойш олон арван байгууллага, иргэд, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчдад оюуныг хөгжүүлэх чиглэлээр сургалт семинар зохион байгуулжээ. Мөн оюуны спортын олон улсын 35 тэмцээнд нийт 50 гаруй тамирчдыг бэлтгэн оролцуулж, олон улсын түвшний томоохон тэмцээний 484 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсан байна. Энэ бүхний үр дүнд Монголчууд оюуны спортын ОУ-ын Их Мастер 3, Их Мастер 2, ОУ-ын Мастер 7-г төрүүлсэн ба оюуны спортын дэлхийн олон дээд рекордыг эзэмшиж байгаа аж. Мөн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс багаараа сүүлийн дөрвөн дараалан жил эхний гуравт тогтмол шалгарсан байна. Х.Хатанбаатарыг Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд гаргаж, Монгол хүний үнэ цэнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлж буй чадсан шилдэг сурган хүмүүжүүлэгч, Монголын оюуны салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж Энхийн шагналтнаар ийнхүү тодруулжээ.

“Peace award-2015” ёслолын арга хэмжээнд Монголын улс төр, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, урлаг соёл, нийгэм хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл зэрэг салбар салбарын олон хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна. Арга хэмжээний үеэр “Энх тайван миний нүдээр” гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлж, шалгарсан дунд сургуулийн сурагчдыг мөн шагнаж урамшуулсан байна.

Top