Хүүхэд байхад сэтгэл зүрх догдуулсан олон ном зохиол уншдаг байж билээ. Тэд дотроос Оросын суут зохиолч М.Горькийн “Изергиль эмгэн” хэмээх бүтээлд ойд төөрсөн хүмүүсийг аврахын тулд өөрийн зүрх сугалан гарган гэрэлтүүлж замчилдаг “Данко” хэмээх баатарлаг хөвгүүний тухай домог ер мартагддаггүй. Том болоод бусдын сайн сайхны төлөө амь амьдрал, зүрх сэтгэлээ зориулж чаддаг ийм хүмүүс байдаг гэдэгт итгэдэг, өөрөө ч ийм хүн болохыг хүсдэг байж билээ.
Аль ч цаг үе өөрийн гэсэн Данкочуудтай байдаг. Тэд бол нийгмийн үнэт зүйлийг тээгчид, ёс суртахууны хийгээд оюун санааны манлайлагчид байдаг. Тэрхүү Данкочуудаар баримжаалж нийгэм хаашаа явахыгаа бас хаашаа явж буйгаа мэддэг. Тэд хаашаа чиглэх хөгжих ёстойг, тийнхүү хөгжиж дэвшихдээ ямар үнэт зүйлээ авч үлдэх учиртайг сануулдаг. Бусад нь чадахгүй бол тэрхүү үнэтэй бөгөөд хүнд ачааг өөрсдөө үүрдэг. Тэд цуцалтгүй хөдөлмөрлөж, бусдын төлөө амь амьдралаа зориулж, өөрийн төлөө гэхээсээ нийгмийн сайн сайхны төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг. Хүнд бэрх, хэцүү цаг үед Данкочууд нийгмийг түүчээлж, хүмүүс тэднийг харж үлгэр жишээ, урам зориг авч, амар жаргалтай цаг ирэхэд Данкочууд хөгжлийн шинэ гарааг төлөвлөж, бүтээхийн зэрэгцээ аюул эрсдлээс сэрэмжүүлэх, хамгаалах хариуцлагатай үүргийг биелүүлж байдаг.
Монголын түүхэн цаг үеүдэд Данкочууд төрж, улс үндэстнээ хөтлөн чиглүүлж, хүчирхэг улс гүрнийг байгуулж, хямарч бутрахад эв нэгдлийг уриалж, ядрахад улс үндэстнээ сэргээн босгож, тусгаар тогтнол, энх амгалан цагийг тохинуулж, бүтээн босгож ирсэн. Тэд өдгөө ч нийгмийн бүхий л салбарт өөрт оногдсон ажлаа нэр төртэй бөгөөд хариуцлагатайгаар гүйцэтгэж байгаа. Тэднийг од болох гэсэн хүсэл бус харин хэлсэн, хийсэндээ эзэн байх сэтгэлгээ, ёс зүй нь хөтөлж байдаг.
Аливаа нийгэмд Данкочуудын өсч өргөжих тусах нийгэм хөгжин цэцэглэж, харин цөөрч ховордоод ирэхийн цагт уруудан доройтоход хүрдэг. Данкочуудын хувьд эд хөрөнгө хуримтлуулах, алдар нэр хөөцөлдөх, албан тушаалд томилогдох явдал ерөөсөө чухал бус. Харин нийгэм, олон түмэн өөрийг нь ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг мэдрэхэд л хангалттай. Тэд урмаар тэтгэгддэг.
Монгол орны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, Монголын эзэн болж, Монгол хүний үнэ цэнийг өргөж яваа олон олон эгэл даруухан Данкочууд бий. Тэднийг нийгэмд таниулах, урам өгөх, алдаршуулах, залуу хойч үеийхэнд үлгэр дуурайл болгох нэгэн чухал арга хэмжээ эхлээд тав дахь жилээ угтаж байна. “Энхийн шагнал” хэмээх уг хүндэтгэлийн арга хэмжээ нь Монголын Данкочуудыг тодруулах, урам зориг өгөх чухал үйл явдал болдгийг олон нийт нэгэнт хүлээн зөвшөөрдөг болжээ. Энхийн шагналтнууд Монголын эв нэгдлийн илэрхийлэл, энх цагийн бүтээлч үйлстэн бөгөөд Монголын нийгмийн ёс суртахуун, үнэт зүйлийн чигийг заагч, Монголын үзэл санааны манлайлагчид юм. Монголын олон олон Данкочууд Энхийн шагналтан болж, Монгол орны хөгжил дэвшлийн гол эзэд байх энхийн цаг үе ирж байна.
Монголын Данкочууд улам олон болтугай!

Сэтгэгдэл ( 0 )