Солонгост хулгай хийсэн эгч дүүсийн ялыг хэвээр үлдээв

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 15

Өмнөд Солонгос Улсын Сөүл хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын иргэн 38 настай А болон түүний төрсөн дүү 32 настай Б нарыг бүлэглэн хулгайн хэрэгт сэжиглэн саатуулсан билээ.

Тэд Солонгос Улсад аялал жуулчлалын визээр зорчиж байхдаа тусгайлан тоноглосон цүнх ашиглан хэд хэдэн дэлгүүрээс таван удаагийн үйлдлээр, таван сая 460-н мянган воноор үнэлэгдэх гутал, цүнх, хувцас хулгайлсан хэрэг үйлдсэн байна.

Монгол эгч, дүү хоёр хулгайлсан барааг ачаа, тээврийн компаниар дамжуулан Улаанбаатар хот дахь гэр рүүгээ илгээдэг байсан ба ар гэрийнхэн нь хүлээж авсан барааг зарж борлуулан бэлэн мөнгө болгодог байсан нь илэрчээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард болсон шүүх хурлаар дүүд нь хоёр жил хоригдох ял оноосон бол эгчид нь нэг жил хоригдох ял оноосон байна.

Гэвч тэд давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр хуралдаж, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top