Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Уг хуулийн төслөөс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан ч энэ удаад нэмж гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч хүлээн авах боломжгүй гэдгээ хэлсэн юм.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэ хууль батлагдсанаар малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцохоор болж байгаа юм. Уг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )