42 орны иргэдийг визгүй зорчуулах шийдвэр энэ онд дуусгавар болно

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 18

Гадаад Хэргийн Яамны “Хэвлэл мэдээллийн цаг” өчигдөр тохиов. Энэ удаагийн хурлыг ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин хөтөлж, мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д  хийсэн төрийн айлчлал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНИУ-д хийсэн албан ёсны айлчлал, Люксембургт АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон дүнгийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн 11 сарын 18-19-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж буйг дуулгаад зарим нэг хэвлэл мэдээллээр айлчлал цуцалсан мэтээр мэдээлсэн нь ташаа байсныг дурдав. Саяхан Парис хотод болсон террорист халдлагаас болж аливаа арга хэмжээг хойшлуулаагүй бөгөөд харин олон улсын хамтын нийгэмлэгээс терроризмын эсрэг эрчимтэй тэмцэхийг улс орнууд уриалж байна.

Энэ сарын 30-ны өдөр Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцохоор болж буй нь үүний нотолгоо бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор болсныг мөн зарлав.

2016 онд Монгол Улсад АСЕМ-ын /ASEM—Asia-Europe Meeting/ Дээд хэмжээний уулзалт болно. 53 орны өндөр түвшний төлөөлөгч оролцох энэхүү хурлын аюулгүй байдлыг хангах асуудал бэлтгэл ажлын чухал хэсэг юм. Энэ хүрээнд жуулчдыг татах зорилгоор 42 улсын иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах тухай шийдвэр энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж буйг мэдээлэв.

Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх  чиглэлээр авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ үр өгөөжөө төдийлөн өгч чадаагүй талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Эцэст нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, гадаад бодлогын талаар болон 42 улсын иргэн визгүй зорчих шийдвэр дуусгавар болсноор үүсэх үр дагавар,  хилийн чанад дахь манай иргэдийн эрх ашгийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MS(193.156.105.143) 2025 оны 03 сарын 13

АСЕМ-ын дээд түвшний уулзалт manaid bolokhiin ach tus ni yuu ve? Zarlaga bol mash ih yum bna lee.

1  |  0
Зочин(202.70.40.154) 2025 оны 03 сарын 13

Тиймээ аюулгүй байдлаа хангах тал дээр анхаарахгүй бол болохгүй.

1  |  0
Top