Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өнгөрсөн долоодугаар сараас эхлэн шинэ системд шилжин иргэд смарт цахим картаар зорчиж эхэлсэн билээ. 2013 оноос яригдсан нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлсэн цагаас түүхий талх шиг л ихээхэн асуудал дагуулах болсны нэг нь сэлгэн суултын хөнгөлөлт байсан юм. Өөрөөр хэлбэл, зорчигчид хоёр дахь сэлгэн суултдаа 100 хувийн хөнгөлөлт эдлэнэ хэмээж байсан ч ажил хэрэг болохгүй байсаар гурван сарын нүүрийг үзэж буй. Харин өнгөрсөн сарын 22-ны НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар сэлгэн суултад хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр гарч, энэ сарын 7-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр болсон юм.
Ингэхдээ дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” карттай иргэдэд хамааралтай. Үүнд, энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй гээд зорчигчийн смарт карт бүгд хамаарна. Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах аж.
-30 минутын дотор дамжин суулт хийхэд хөнгөлөлт эдэлнэ-
Иргэд зорчигчид та бүхэн дамжин суухдаа дараах хэдэн нөхцөлийг анхаарах ёстой юм байна. Үүнд, автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.
Тиймээс эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд энэ хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, 30-аас дээш минут болох аваас дамжин суултын хөнгөлөлтөд хамаарахгүй юм байна.
өнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 3 хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин 3 хүний юм уу эсвэл 1 хүний төлбөр төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх аж. Харин өөр тоогоор буюу 2 хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.
Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийнхээ автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна.
Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ чиглэлээсээ хамааран 700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэх юм байна.
eagle.mn

Сэтгэгдэл ( 0 )