Нийгмийн даатгалынхан банкуудтай хуйвалдаж, улсад онц их хэмжээний хохирол учруулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 03
Нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа талаар баттай эх сурвалж бидэнд мэдээллээ. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авдаг байж байгаад нас барсан ахмад настнуудын материалыг улсын бүртгэлд оруулалгүй, нэр дээр нь тэтгэврийн зээл авсан гэсэн үг юм. Тухайн иргэдийг нас бараагүй хэмээн тэтгэврийг нь сар бүр олгодог байсан бөгөөд нийгмийн даатгалын ажилтнууд уг мөнгийг нь тэтгэврийн зээл рүү нь шилжүүлдэг байсан ноцтой залилангийн хэрэг илэрсэн нь энэ юм.

Улсад олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт ганц аймаг, ганц дүүргийн нийгмийн даатгал болон банкны ажилчид оролцоогүй ажээ. Хөдөө орон нутаг болон нийслэлээс маш олон хүн холбогдон шалгагдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй тул шалгагдаж буй хүмүүсийн нэр усыг зарлах боломжгүй, түүнчлэн хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байгаа юм байна. Шалгалтын ажиллагаа үргэлжлэх тусам энэ хэрэгт холбогдогсод нэмэгдэж, хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа аж.

-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148-ИЙН 4 ДЭХ ЗААЛТ ӨРШӨӨЛД ХАМРАГДААГҮЙ-

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Тодруулбал тус зүйлийн 4-т: “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Энэ бол хэдхэн хоногийн өмнө баталсан Өршөөлийн хуулиас “мултарч” үлдсэн зүйл заалтуудын нэг билээ.

Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 91.2 хувийн саналаар дэмжин баталсан. Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 2500 орчим иргэн шоронгоос суллагдахаар болсон юм. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийг 148.4 дэх хэсэг/ гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй болсон юм. Бид дээрх залилангийн хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: medee.mn

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мурат(180.149.78.28) 2025 оны 03 сарын 13

баян өлгий аймагтэнэ асуудал бүр их байгаа нас барсан хүнээ бүгд хуйвалдаад нууж байгаад тэтгэврийг хувааж идддэг үүнийг цагдаа огт илрүүлж чадахгүй мөнгийг идэж хувааж авчихаад бүх юмыг хууль ёсний болгоод бүрдүүлчинэ шүү дээ

1  |  0
Зочин(103.229.123.93) 2025 оны 03 сарын 13

МУС-ны ” Өглөө ” кинонд Догмидыг алагдсан тухай мэдээг сонсоод Их жанжин Сүхбаатар ” Бишээ цаад эздийн, эзний нь ” гэж хэлдэг дээ. Одоо л нийгмийн халамжийн газарт бугласан энэ идээ бээртэй холбогдолтойгоор ахмадуудыг амрааж байгаа нэрээр халамжаас мөнгө урсгаж, угааж байгаа гэж олны дунд яригдаад удсан нэр бүхий эзэдтэй газруудын үйл ажиллагаа, хөрөнгө санхүү, гарал үүсэл зэргийг ч нарийвчлан шалгах хэрэгтэй байна.

1  |  0
zochin(103.10.20.66) 2025 оны 03 сарын 13

erdene gedeg hvnii idej yylsnig ni toolj barah bolob yy

1  |  0
uvguv noyon(59.153.114.57) 2025 оны 03 сарын 13

S.Erdeniin huuli bus uildeluud araasaa huvrunu duu!

1  |  0
Top