Нийтийн тээврийн үйлчилгээний сэлгэн суултыг хөнгөвчлөх асуудал шийдэгдэж, дамжин суулт үнэгүй болсон. Энэ бямба гарагаас хэрэгжиж эхлэх энэ шийдвэрийн дагуу иргэд нийтийн тээврээр зорчихдоо 30 минутын дотор дараагийн автобусанд суувал нэг удаа үнэгүй сууна. Харин 30 минутын хугацаа өнгөрсөн эсвэл гурав дахь автобусандаа суухаар болвол үндсэн төлбөр буюу 500 төгрөгийг төлөхөөр боллоо. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм.
Оюутнуудын хувьд "Боловсролын тухай хууль"-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг нийслэлийн Боловсролын газраар дамжуулан өгч эхэлсэн нь хэвээр мөрдөгдөнө. Сурагчдын үнэгүй зорчих асуудалд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжгүйг хотын удирдлагууд тодотгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )