Төв цэвэрлэх байгууламжаас үнэртэх үнэр хот даяар сэнгэнэж байна гэж хэн хүнгүй хэлж байх. Тэгвэл энэ нь хуримтлагдсан лагаа гүйцэд цэвэрлэж чадахгүй байгаатай холбоотой юм байна. Ашиглалтад ороод 50 гаруй жил ажиллаж байгаа тус байгууламж өнөөдрийн байдлаар хоногт 170.000 шоо метр усыг 65-70 хувь цэвэршүүлдэг аж.
Тус байгууламж нийслэлийг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөн ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх зориулалтын технологитой байгуулагдсан. Гэсэн ч өнөөдөр олон төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын химийн өндөр бохирдолтой бохир усыг цэвэршүүлж байгаа нь цэвэрлэгээний горимыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрснийг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн хэлсэн. Мөн техник, тоног төхөөрөмжийн элдэгдэл, байгаль орчны хүчин зүйлс ч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Өдгөө цэвэрлэх байгууламжийн ачаалал гурав дахин ихэсчээ. Тиймээс өнгөрсөн зун хэсэгчлэн засвар хийсэн ч шинээр барихаас өөр аргагүй байдалтай буй гэсэн. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Төв цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа үнэрийн талаар иргэдээс маш их гомдол, санал ирж байгаа. Бохирдол үүссэн лагийн хэмжээ ихэссэн учраас байгууламжаас гарч байгаа үнэр их байна. Үнэрийг арилгах зорилгоор ариутгах, шүрших ажил хийж байгаа. Мөн үртэс дээгүүр нь асгаж байна. Одоогоор 400 мянган шоо метр лаг хуримтлагдсан” гэлээ.
Лагийг талбайгаас зөөж, хатаах технологи ашигладаг ч энэ нь хуучирсан арга гэнэ. Японы олон улсын ЖАЙКА байгууллага 2013 оны намар хүртэл төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар судалгаа явуулсан ч манай талтай тохиролцож чадаагүйн улмаас ажлаа зогсоосон байна. Тэд “Манай талыг цаг хугацаа их алдаж байна” хэмээн үнэр дарах гаргалгааг хэлж өгчээ.
Төв цэвэрлэх байгууламжийг өдгөө Францын Засгийн газрын урт хугацаатай зээлээр шинэчлэхээр ярилцаж байгаа аж. Харин Засгийн газар концессын гэрээгээр Туркийн талаар бариулах саналтай буй гэсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хөнгөлөлттэй зээлээр барина гэвэл цаг алдана. Тиймээс бондын хөрөнгөнөөс үлдсэн мөнгөөр хөрөнгийн асуудлаа шийдүүлээд ажлаа цаг алдалгүй эхэлсэн нь дээр. Тэгэхгүй бол энэ ажил 2018 он хүртэл сунжирна” хэмээсэн.
Нэгэнт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй байгаа учир лагийг цэвэрлэх гаргалгааг хотын удирдлагууд хайж байгаа аж.
Дашрамд, анх 1964 онд бохир ус цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотод, 1965 онд Дархан хотод, 1971-1990 онд аймгуудын төвд байгуулжээ.
эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл ( 0 )