Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурлаар Уул уурхай сайд Р. Жигжид Гацууртын ордын асуудлыг голчлон ярьсан юм. Тэрээр “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барьжээ. Тус ордын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй ашиглалтанд ороход бэлэн болсон аж.Тус ордод есөн жил уул уурхайн олборлолт 10 жил үйлдвэрлэл явуулжээ. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам долларын борлуулалт хийж, 433.6 сая ам долларын татвар төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгох гэнэ.
Түүнчлэн Гацууртын ордныг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан учир тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шаардлагатай. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруй хэлэлцээр хийсэн гэлээ. Ингэхдээ Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар мөн тус хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн гурван хувь байхаар тохирсон. Алтны үнээс хамаарч дээрх гурван хувь өөрчлөгдөж болно. Энэхүү өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх юм байна. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож 120 сая.ам.доллараар бууруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )