Цасанд боогдсон 44 иргэнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 27

Өнгөрсөн хоногуудад үүссэн цаг агаарын нөхцлийн улмаас баруун, зүүн чиглэлд авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа Приус загварын суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар очсон байна. Тэгэхэд Пруис 20 загварын автомашин төв замаас гарч цасанд суусан, дотор нь долоон настай хүүхэдтэй хоёр иргэн байсныг аюулгүй газар хүргэжээ.

Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дөрвөн албан хаагч, нэг автомашинтай бүлэг ажиллаж, 14 автомашинтай 44 иргэнийг буцааж цасанд боогдох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Цаашид цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг нийт иргэд, олон нийтэд онцгойлон сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top