Малайз монгол бүсгүйчүүдэд халтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 17

Манайхан Малайз руу их явдаг болж. Сурахаар, ажиллахаар Малайн хойгийг зорьсон монгол бүсгүйчүүдийн хувьд тэр газар тийм ч ээлтэй биш байна.  Малайзид урьд нь гурван ч монгол бүсгүй амь насаа алдаж байсан бол одоо нэгнийх нь амь нас дээсэн дөрөөн дээр байна. Малайзид манай улсын элчин сайдын яам, консулын газрын аль нь ч байдаггүй. Харин Бангкокт суугаа элчин сайд давхар хариуцан ажилладаг юм билээ.  2013 оны арваннэгдүгээр сард  Малайзийн нэгэн сууринд Б.Энхзаяа гэх монгол эмэгтэй боомилуулсан байдалтайгаар амь насаа алдсан нь тогтоогдсон.  Түүнээс хойш хэдхэн сарын дараа Тайландын вант улсад суугаа элчин сайд Ч.Баттөмөртэй уулзах үеэрээ энэ асуудлын талаар тодруулж билээ.  Тэрбээр асуудлын гол нь аль улс вэ гэдгээсээ илүүтэй хувь хүний биеэ авч явах байдлаас шалтгаалсан иймэрхүү харамсалтай хэрэг гарч байна гэдгийг  тодотгосон. Элчин сайдын хэлснээр малайз  бол олон үндэстэн ястнаас бүрдсэн, найрсаг ард түмэн. Тэр дундаа Монголыг маш сайн мэддэг, бүр таксины жолооч нь хүртэл  андахгүй. Гэхдээ 25 сая хүн амтай энэ улсад сайн муу санаа бодолтой хүн байж л таарна гэдгийг онцолж байсан.   

Энэ долоо хоногийн даваа гаригт  Малайзид монгол эмэгтэй гэмт халдлагад өртсөн нь хамгийн шуугиантай сэдэв болоод байна. Ингэхдээ “дахиад л нэг монгол эмэгтэй” гэсэн тодотгол дайж байгаа нь санаандгүй хэрэг биш юм. Учир нь Малайзид байсхийж байгаад л нэг монгол эмэгтэй амиа алддаг. Үүний өмнөхөн  буюу дөрөвдүгээр сард тэнд сурч байсан 29 настай монгол эмэгтэй цонхоор унаж нас барсан гэх мэдээлэл бараг намдаагүй шахам байхад  дахиад л харамсалтай мэдээ залгаж байгаа нь энэ.  Малайзид монголд эмэгтэйчүүдэд тохиолдсон эмгэнэлт  хэргүүдийг эргэн сануулъя. Өмнөх сургамж өнөөдрийнхөнд сануулга анхаарал болно гэх үүднээс үүнийг  өгүүлж байна.

2006 онд Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг загвар өмсөгч Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн. Энэ аллага нь тус улсын нөлөө бүхий улс төрчдийн захиалгат аллага байсан бөгөөд аллагыг гардан гүйцэтгэгчид нь цагдаагийн ажилтнууд байсан билээ. Энэ хэргийн мөрдөн байцаагчид, өмгөөлөгчид гээд холбоотой бүхэн амь насаа алддаг. Сураггүй алга болдог эсвэл гэнэтийн ослоор амь үрэгддэг. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Малайзын Ерөнхий сайдын хөлсний хуульч Энэтхэгийн иргэн Балласумбарми зүрхний өвчнөөр гэнэт нас бараад байгаа. Үүнээс харахад  цаанаа ямар их зохион байгуулалттай, эрх мэдэл нуугдаж байгаа нь харагддаг.  Ш.Алтантуяагийн гэх энэ хэрэг 10 шахам жил сунжирч, харин өнгөрсөн хавар болсон шүүх хурлаар  аллагад оролцсон цагдаа нарт цаазаар авах ял оногдуулаад байгаа билээ.  

Гэтэл харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө Малайзид хуралд оролцсон Гадаад хэргийн сайд асан УИХ-ын гишүүн Л.Болд илтгэлдээ “Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдсон цагдаа нарт цаазын ял өгсөн нь буруу...Ш.Алтантуяагийн үхэлд хэн нэгнийг хөнөөх нь буруу гэдэг сургамж болно. Цаазаар авах ял бол харгис бөгөөд засгийн газрууд гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах нь муу үлгэр дууриал үзүүлдэг” гэж дурдсан тухай хэвлэлүүд шуугиж байна. Хэрэв УИХ-ын гишүүн хүн ингэж хэлсэн нь үнэн бол Монголын төр иргэн хүнийхээ амь насыг хэрхэн үнэлж цэгнэж байгааг гадаад ертөнцөд ямар нэг хэмжээгээр илэрхийлж байна гэж ойлгомоор.

Дараагийн тохиол.  2013 оны 11 дүгээр сард 25 настай Б.Энхзаяа гэгч эмэгтэй Малайзид мөн л учир битүүлгээр амиа алдлаа. Хэдийгээр Малайз улсаас  талийгаачийг өөрийгөө боомилж нас барсан гэж мэдэгдсэн ч түүнийг зэрлэг балмад этгээдүүдийн гарт амиа алдсан гэдгийг батлах баримт бий. Анх 2011 оны наймдугаар сард 25 настай цэл залуухан охин Малайз улсад ажиллахаар эх орноосоо явсан хэдий ч бусдад худалдагдаж, хэн нэгний эрхшээл гарын дор байсаар амиа алдсан нь энэ. Тэрбээр “Би үхэх нь тодорхой боллоо. Тэд нар намайг Ш.Алтантуяа шиг болгоно гэж сүрдүүлдэг. Энэ аймшигтай хүмүүс миний эд эрхтэнг авна гэж байна” хэмээн ээж, ах нартаа ярьж байсан баримт бий. Түүнчлэн “16 -аас доош насны гурван охин авчирвал чамайг суллаж явуулна, эсвэл чамайг зарлаа, амьдаар чинь эд эрхтэнийг чинь авна” гэх мэтээр дарамталж, сүрдүүлдэг байжээ. Ар гэрийнхэн нь энэ тухай цагдаагийн байгууллагад хэдэнтээ хандсан ч харь газарт бусдын гарт тарчилж байсан залуу бүсгүйг аварч чадаагүй юм. Зарим эх сурвалж Б.Энхзаяаг  элэг нэгт монголчууд нь бусдад зарсан гэх мэдээлэл ч байдаг.

Гурав дахь харамсалтай мэдээ өнгөрөгч дөрөвдүгээр сард  дуулдсан. Тодруулбал, Малайзын Куала-Лумпур хотод сурдаг Монголын иргэн 29 настай оюутан эмэгтэй О нь дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. 

Тэрбээр өрөөндөө гурван Монгол эмэгтэй оюутантай хамт амьдардаг байжээ. Хэрэг гарахын өмнө тэд согтууруулах ундаа хэрэглэж бас хоорондоо маргалдсан байж болзошгүй гэж мөрдөн байцаагч үзэж байгаа бөгөөд хамт байсан гурван Монгол оюутныг саатуулан байцаалт авч байгаа тухай мэдээ байсан юм.

Одоо дуулиан болоод байгаа цээжин тус газраа 4-5 удаа буудуулсан 26 настай  монгол эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгааг тус улсын цагдаагийнхан тодотгоод байна. Азаар сум эмэгтэйн дотор эрхтнийг оноогүй гэнэ. Хэргийг эргэн сануулахад  даваа гаригийн орой 17:45 цагийн орчимд  нийслэл хотын Птелинг Жаяа дүүрэгт  тансаг зэрэглэлийн SUV машин руу олон удаа гал нээгээд зугтсан бөгөөд тэр машинд  дээрхи монгол эмэгтэй явж байжээ.  Халдагчид  Датук буюу жолоо барьж явсан эрэгтэйг буудахыг хүссэн ч машин дотор явсан монгол эмэгтэй  9мм-ийн гар бууны 5 суманд оногдсон  юм. Одоогоор Номин-Эрдэнэ гэж нэр нь мэдэгдээд байгаа  энэ эмэгтэй Датуктай цахим ертөнцөөр танилцаж жилийн турш хэлхээ холбоотой байсан гэх мэдээлэл байна. Харамсалтай нь тэр Датук урьд өмнө нь  гэмт хэрэгт холбогдож явсан, өшөө авалтын  бай болоод буй бололтой. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damdinsuren Erdenets(122.201.31.250) 2025 оны 03 сарын 13

aimar ym bolj uhwul iim.ersdeltei gazar ur huuhduudee yawyylmaargui l um byrhan ursnuu !!!

1  |  0
бат(202.126.89.199) 2025 оны 03 сарын 13

монголчууд биеийн жаргалаас сэтгэлийн жаргалыг илүүд үздэг цаг ирэх болов уу.

1  |  0
zochin(96.229.38.17) 2025 оны 03 сарын 13

hogshin lyyhaanii mongond n bolj yheh dohloo shdee ailggyi mongonii yanhan ohidyyd hohchin shunaltaad shulam hujàgiin boov idsen alchgar

1  |  0
Top