Марш тактикийн тэмцээн болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна. Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын баг тамирчид оролцож байгаа юм. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагааны газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажиллаж байгаа аж. 

Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог уламжлалтай.  

Энэ удаа Зэвсэгт хүчнээс хоёр, бусад байгууллагаас тус бүр нэг салаа тасаг оролцож байгаа бөгөөд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагч оролцож байгаа юм.

Тэмцээний үеэр байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа 10 км-ийн зайд явган гүйлтээр марш үйлдэх явцдаа гранат шидэх, ерөнхий цэргийн саадын зурвас туулах, гар буу, автоматаар буудах, эзлэгдсэн объектийг эзлэн авах, тактикийн ажиллагаа, байгалийн болон зохиомол саад туулах, усан саад гатлах, хөнөөлийн голомтоос шархадсан хүн, эвдэрсэн техник татан гаргах, цэргийн байр зүйн азимутаар явах, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив байгуулах зэрэг дасгал гүйцэтгэж өрсөлдөнө.  

Эмэгтэй алба хаагчид 6 км-ийн зайд марш үйлдэж байгалийн болон зохиомол саад туулах, усан саад гатлахаас бусад дасгалуудыг гүйцэтгэх юм. Марш, тактикийн тэмцээний дүн өнөөдөр гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top