Монголчууд оюуны болон өрсөлдөх чадвараараа дэлхийн олон үндэстнээс хувь илүү хэмээн бахархдаг ч манай улсын хөгжил үүний нотолгоо болж чаддаггүй. Харин дэлхийн ой тогтоолтын тэмцээнд манай залуус өндөр амжил үзүүлж эхэлсэн нь монголчуудын нэрийг өөр түвшинд гаргаж байгааг бахархахгүй байхын аргагүй.
Их Британын томоохон хэвлэлүүдийн нэг “TheGuardian” сайтад СанДиегод болж байгаа “Extreme Memory Tournament” нэртэй санах ойн тэмцээнд Монголын баг хошуучилж байгааг онцолжээ. Энэ тэмцээнд долоон орны 24 оролцогч өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн тун ширүүн болж байгаа аж. Нэр, дугаар, карт тогтоох болон цээжээр бодох зэрэг тэмцээнүүд 45 үетэйгээр явагдаж байна. Одоогоор Монголын баг хагас шигшээд оролцох эрхтэй болоод байгаа. Энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа Т.Энхжин гэхэд 30 дүрсийг 14,4 секундэд цээжилж тэмцээний рекордыг тогтоогоод байна.
Манай багийг Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар удирдаж, өөрийн шавь нараа дагуулан иржээ. Тэд Монголын далбаа бүхий хөх цамцтайгаа өрөөний захад суух бөгөөд нэг үеийг давах болгондоо бие биедээ баяр хүргэн урам зоригтой оролцож байгаа гэж “TheGuardian”-ы сурвалжлагч онцолсон байна. Багийн ахлагч Х.Хатанбаатар “Бид энд байгаадаа тун баяртай байна. Бидний зарим нь зорьсондоо хүрсэн, харин зарим нь тийм ч сайн биш байна. Бүгдээрээ маш сайн бэлдсэн ч тэмцээн огт өөр байна” гэжээ. Энэ тэмцээнд Х.Хатанбаатарын анхны шавь 22 настай С.Цогтбадрах оролцож байгаа юм.. Тэрбээр 6 жил энэ төрлөөр хичээллэсэн бөгөөд ойр тойрныхоо 300 хүний утасны дугаарыг цээжээр мэддэг. С.Цогтбадрах “Энд 16 цагийн зөрүүтэй байгаа нь хэцүү байна. Өдөр нь унтаж, шөнө нь санах ойн дасгал хийнэ гэдэг тийм ч амар биш байна” гэв. Түүний хамтрагч Алтансүх анхаарлаа төвлөрүүлэхийн тулд чихэвч зүүж, нүдэндээ тусгаарлагч хийжээ.
Харин АНУ-ын ой тогтоолтын тэмцээний дөрвөн удаагийн аварга Нелсон Деллис “Би Монголын багтай 2012 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тааралдаж байсан. Өнгөрсөн гурван жилд тэд маш сайн бэлджээ” гэж үнэлжээ. Монгол залуус ийнхүү СанДиегод олны анхаарлын төвд байна. Тэднийг “TheGuardian” "Тэд бол сайн тосолсон санах ойн машин" хэмээн үнэлснийг харахад бахархахгүй байхын аргагүй юм.

Сэтгэгдэл ( 1 )
Bayar xurgie. Saixan yumaa. Amjilt duu nar mini.