Их хурлын дарга ”эко хатагтайтай”-тай нэгдэж мод тарьлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 09

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг "Ногоон хашаа" төсөл хэрэгжүүлж Нийслэлийн 97-р сургууль, ХӨСҮТ, Амгалан амаржих газруудын ойр орчимд мод тарьж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт нэгдэж  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

 

Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулж буйгаараа онцлогтой. Өнөөдрийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович,  Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин нар оролцсон юм.



Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд  мод тарих, түүнийгээ арчлан хамгаалах амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасанаас хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг болсон. Энэ жилийн "Бүх нийтээр мод тарих өдөр” нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байна" гэлээ. 

Мөн Улсын Их Хурлын гишүүдээс түүхт ойн баярыг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах ажлыг санаачлан эхлүүлж байгааг онцлон тэмдэглээд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд энэхүү төгөлийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, өөрсдийн гараар мод тарихыг уриалсан юм.

 

Мод тарих үндэсний өдрийн  нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан төгөлийн анхны модыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд тарилаа. Тэрээр Ялалтын 70 жилийн ойг тохиож байгааг билгэдэн энэ удаа 70 мод тарьж байгааг онцолж байлаа. 

 

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ үеэр Улсын Их Хурлаас Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулах сайхан санаачлага гаргасан Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttttt(64.141.193.30) 2025 оны 03 сарын 13

tariad archlahgui bol urgahgui shdee . urgaj baigaa ni tun tsoohon haragdah yum. mash ih hemjeenii zardal garch baigaa daa.....

1  |  0
Top