Даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-аар батлуулж байсан. Уг тогтоолын дагуу Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж байгаа нь энэ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр нийт 592 ажил хэргийн саналыг энэ төлөвлөгөөнд тусгуулахаар яам, агентлаг, холбогдох бусад газруудаас ирүүлсэн байна. Эдгээрээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, хөтөлбөртэй нийцүүлэн 220 орчим саналыг тусгаад байгаа аж. Ийм төлөвлөгөө гарснаар одоо хийж хэрэгжүүлэх ажил л үлдэж байна.
Мөн хуралдаанаар “Шинэ яармаг” орон сууцны хорооллыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан бол хонь тэмээний ноосны урамшууллыг ялгавартай тогтоохоор шийдвэрлэв.
Улирч буй долоо хоногийн онцлох мэдээ гэвэл Монголын эдийн засгийн форум байлаа. Ийм форумыг сүүлийн жилүүдэд уламжлал болгон зохиодог болсон. Энэ жилийн тухайд энэ форумыг “Итгэлцэл” гэсэн уриа дуудлагын хүрээнд зохиов. Эдийн засгийн чуулганыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ “Эдийн засгийн чуулганы энэ жилийн гол уриаг тохиолдлоор сонгоогүй юм. Итгэлцэл бий болгох гэсэн энэ үг өнөөдөр хэзээ хэзээнээс илүү бий болоод байна. Зөвхөн нэг талаас бий болсон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүй гэдгийг өнөөдөр бид мэдэж байгаа. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын ажиллагаа болдог” хэмээн онцлов. Чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын үндэсний эрх ашиг хөгжлөөр хэмжигдэнэ” гэдгиийг онцоллоо.
Энэ форумын талаар хүмүүс янз бүрийн бодолтой, өөр өөрсдийн зүгээс байр сууриа илэрхийлж байна. Жил бүр зохиодог ч тодорхой үр дүнгүй, хэдхэн өдрийн арга хэмжээ төдийхөн болоод өнгөрдөг гэсэн сануулга шүүмжлэл давамгайлж байх шиг.
Удахгүй УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы хэлэлцэх асуудлын дараалал энэ долоо хоногт тодорхой болов. Энэ удаагийн хаврын чуулган З.Энхболдын тэргүүлж буй парламентийн хамгийн чухал хариуцлагатай үе болох учиртай.
Энэ долоо хоногийн дуулианы нэг нь МАН-ын залуусын талцалын тухай байв. Тус намын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хэнийг сонгох асуудал дээр тус намын залуучууд баян ядуугаараа талцсан гэх мэдээлэл дуулдаж байна.
Өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирээд буцав. Оюутолгойн сая тонн баяжмалын баярт оролцсон энэ эрхэм татварын асуудлаар Монголын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаагаа, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирүүлсэн Оюутолгойн далд уурхайн ашиглалтын саналаа эцсийнх хэмээн тодотгоод буцлаа. Өөрөөр хэлбэл бидэнд тэдний тавьж буй саналаас өөр гарц үлдээгүй бололтой.
Тавантолгойн тасалдаад байсан хөрөнгө оруулагчдын хэлэлцээ энэ долоо хоногт дахин сэргэлээ. Эдийн засаг дахь итгэл найдвар одоогоор энэ хэлэлцээ болж байна. Шадар сайд М.Энхсайхан хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийг ирэх долоо хоногт үзэглэж магадгүй гэсэн мэдээлэл өгөөд байна. Чалкод төлөх өр зээлнээс шалтгаалж тасалдаад байсан энэ мега төслийн хэлэлцээр дахин эхлэхтэй зэрэгцэн “Урагшаа Тавантолгой” гэсэн бас нэг тодорхройгүй мэдээлэл түгж байна.
Өмнөх амралтын өдрүүдэд Бурхан Халдун ууланд аялж явсан Өвөрмонгол иргэдэд гаргасан монголчуудын авир олон хүний дургүйцлийг хүргэж, Монголын тухай хамгийн таагүй мэдээлэл болж гадаад ертөнцөд түгэв бололтой.
Монголд устаж үгүй болоод байсан Улаанбурхан өвчин эргэн ирж Өмнөговь. Улаанбаатар зэрэг хэд хэдэн газарт бүртгэгдсэн бол эмйслэл хотын орчимд гахайн сонгомол мялзан өвчин гарсныг мэргэжлийн байгууллагынхан мэдээлэв.
Хавар болж цасны шар усны үерт Баянзүрх дүүргийн 20-иод өрх нэрвэгдээд байна.

Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮