Монгол орны нийт нутгаар хуурайшилт эрчимтэй явагдаж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Он гарсаар 13 аймгийн 33 суманд 50 удаагийн ой хээрийн түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлт юм.
Түймрийн шалтгаан нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс бий болж байгаа талаар албаныхан мэдээлж байгаа аж.
Зарим нэг томоохон түймрээс дурьдвал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас баруун хойд зүгт 50 км-т хээрийн түймэр гарч улмаар Дорнод аймгийн Хөлөн-буйр, Булган, Цагаан-Овоо сумдын зарим нутаг хээрийн түймэрт өртсөн байна.
Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын III багийн нутаг “Тосон” хэмээх газарт гарсан түймэр тархан дэлгэрч, Дорнод аймгийн Матад, Халх гол сумын зарим хэсгийг хамарчээ.
Дээрхи түймэрт хоёр аймгийн гурван сумын дөрвөн айлын гэр, байшин сууц өртсөн байна.
Энэхүү түймрийг унтраахад Онцгой байдлын 63 албан хаагч долоон техник хэрэгсэл, орон нутгийн 229 иргэн 28 техник хэрэгсэлтэйгээр гурван хоногийн хугацаанд ажиллаж түймрийг бүрэн унтраасан аж.
Иймд иргэд, малчид тариаланчид, хээрийн бүсэд зорчин явагсад автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, цогтой үнс нурамыг тагтай саванд хийх зэрэг түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. Үнэ: 22 000₮