МХЕГ-аас орон даяар “Хүний төлөө-Зөв тус” аянг өрнүүлж байна. Уг аян ирэх сарын нэгний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбарын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Аяны хүрээнд өчигдөр “Барилгын материалын чанар-шинэ дэвшилтэт техник, технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна.Энэ талаар МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргалаас тодрууллаа
- Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол хэр их гарч байна вэ?
- Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаа үйлдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарсан бөгөөд технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарчээ.
- МХЕГ-аас ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
- 2015 оны бүтээн байгуулалт эхлэхтэй холбогдуулан урьдчилаад “Барилгын чанар, аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс “Хүний төлөө зөв тус” сарын аяныг явуулж байгаа. Энэ аян нь улсын хэмжээнд нэгдсэн хэмжээгээр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хүрээнд материалын чанар аюулгүй байдалтай холбоотой гэдэг үндэслэлээр материалын чанарын аюулгүй байдлын үзүүлэх сургууль, үзэсгэлэн, сургалт зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Ерөнхийдөө 40 гаран барилгын материал үйлдвэрлэдэг, хэрэглэдэг компаниуд оролцож байгаа. Сарын аяны хамгийн гол зорилго нь барилга чанартай байх ёстой, тэнд ажиллаж байгаа ажиллагсадын эрүүл мэнд, амь нас хохирохгүй байх ёстой гэдэг утгаар, техникийн болон технологийн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилготой өдөрлөгийн зохион байгуулж байгаа.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )