Долдугаар сарын нэгний үйл явдалд нэр холбогддог Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргилыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хилээр гарахыг хориглоод байгаа. Түүнийг 7-р сарын нэгний явдалд гар бие оролцсны хувьд ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой гэж үздэг хүн цөөнгүй. Гэхдээ Ц.Мөнх-Оргилыг хилээр гарахыг хориглосон нь үүнтэй холбоогүй юм. Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа бусдад төлөх ёстой өрөө төлөөгүй аж. Энэ талаар "Баянгол зочид буудал” хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ананд "Өдрийн сонин"-д ярилцлага өгснийг хүргэж байна.
-“Монголын сагсан бөмбөгийн холбоо” болон танай компанитай холбоотой 66 гаруй сая төгрөгийн өрийн асуудал яригдаад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Бодит мэдээллийг бид хүргэмээр байна. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилтой холбоотой асуудал юунаас болж үүссэн талаар эхлээд ярих хэрэгтэй байх. 2012 оны наймдугаар сарын 17-26-ны өдрүүдэд “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж нарын гаргасан албан ёсны хүсэлтийн дагуу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулсан. Монголд Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болсонтой холбоотойгоор манай компанитай “Монголын сагсан бөмбөгийн холбоо” 2012 оны зургадугаар сарын 19-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-нд “Олон улсын сагсан бөмбөгийн холбоо” манай улсад болох тэмцээний шүүгчид, тамирчид олон улсын стандартад нийцсэн, шаардлага хангасан зочид буудалд бууж байрлах ёстой гэсэн шаардлагыг "Монголын сагсан бөмбөгийн холбоо"-нд тавьсан юм билээ. Тухайн үед жуулчид манай оронд ирдэг оргил үе таарчихсан байв. Шаардлага хангасан гэх зочид буудлууд нь захиалга ихтэй байсан. Манай зочид буудал ч бусад буудлын адил захиалгаа авсан байсан. Нэмж захиалга авах ямар ч боломж бололцоо байгаагүй. Тэгтэл “Монголын сагсан бөмбөгийн холбоо” манай зочид буудалд удаа дараа хүсэлт тавьсан. Биднийг саналыг нь хүлээж авахгүй болохоор ТУЗ-ийн гишүүдэд хүртэл хандаж эхэлсэн. Бидэнд аль хэдийнэ захиалгаа өгөөд гэрээ байгуулчихсан үйлчлүүлэгч нарынхаа гэрээг цуцлахад хүрсэн. Бүр өөр буудалд хүртэл зуучилж өгсөн. Бид яагаад ингэх болсон бэ гэхээр үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд Олимп, дэлхийн аваргад явах гэж байгаа тамирчдыг хүлээн авч, байрлуулдаг, спортыг дэмжиж ирсэн уламжлалтай. Хэдийгээр бизнесийн байгууллага ч гэсэн Монгол Улсынхаа нэр хүндийг бодсон. Олон улсын баг тамирчид хүрээд ирэхэд Монголд зочид буудал олдохгүй байсан гэж хэлүүлэх вий гэсэн олон шалтгаанаар эрсдэлтэй алхам хийсэн юм. Монголд Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болох гэж байтал зочид буудлаас болоод цуцлагдчих гээд байсан. Ингээд л бид олон улсын тамирчид байрлуулах гэрээг тус холбоотой байгуулсан. Бид бүр зочид буудлын суурь үнээс арван хувийн хөнгөлөлт хүртэл үзүүлсэн. Гэрээ байгуулагдахаас өмнө холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил манай зочид буудалд өөрийн биеэр ирээд үзэж танилцаад “Гэрээ байгуулахад ямар ч асуудалгүй юм байна” гэж хэлээд явсан. Тэмцээн эхлэх үед зохион байгуулалтын хэд хэдэн алдаа гарсан байна лээ. Манайхтай гэрээ байгуулснаас гадна “Хаан палас” зочид буудалтай хамтран ажиллах гэрээ байгуулаад урьдчилгаанд арван сая төгрөг өгсөн байдаг. Тэгсэн мөртлөө хэд дахин үнэтэй “Blue Sky” зочид буудалд гэрээгээ цуцлаад хүмүүсээ оруулчихсан байдаг.
-Тэгээд хэдэн төгрөгийн төлбөр тооцоо гарсан юм бэ. Гарсан төлбөр тооцооны ихэнх хувийг өгсөн гэж байсан?
-Азийн орнуудын баг тамирчид манай зочид буудалд байрлаж, үйлчлүүлээд үлдэгдэл 66 гаруй сая төгрөгийн төлөлт дутуу үлдсэн. Төлбөр тооцоогоо хийхгүй байхаар нь тооцоогоо барагдуулах албан бичиг удаа дараа өгсөн юм. Гэвч албан бичгийн хариуг нэг ч өгөөгүй. Тэгэхээр нь Ц.Мөнх-Оргилтой уулзах гэсэн боловч хүлээж авахгүй байсан. Олон удаа араас нь хөөцөлдөж байгаад арай гэж олж уулзсан. “Наад асуудал чинь надад хамаагүй. МСБХ-той ярь” гэж хэлээд л яваад өгсөн байгаа юм. Ингээд төлөх ёстой мөнгөө төлөлгүй гурван жил болсон. Бид өөрийнхөө нэр хүндийг бодоод шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх гэж олон удаа оролдсон боловч энэ хүн уулзахаас байнга зайлсхийдэг байсан учраас шүүхэд нэхэмжлэх гаргасан.
-Та бүхэн шүүхийн байгууллагад хандсан байна лээ. Шүүх тус асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Бид гэрээгээ зөрчсөн, төлбөр тооцоогоо хийхгүй удаж байгаа талаар шүүхэд гомдол гаргасан юм. Тэгсэн хуулийн байгууллага хэргийг шалгах гэхээр тус холбооны удирдлага болон Ц.Мөнх-Оргил шүүх дээр очихгүй байсан. Хэд хэдэн удаа Ц.Мөнх-Оргилыг дуудсан боловч шүүхийг үл хүндэтгэж ирээгүй. Ерөнхийдөө бол Ц.Мөнх-Оргил зугтаагаад байсан. Гэрт нь очихоор хаалгаа ч тайлж өгөхгүй байсан байдаг. Тэгж байж нэг юм шүүгчийн захирамжийг албан ёсоор өгсөн. Өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд шүүх хурал нь болсон. Шүүх “Баянгол зочид буудал” хувьцаат компанийн хохирлыг “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос гаргуулна гэх шийдвэр гаргасан. Харин Ц.Мөнх-Оргилыг хувь хүнийх нь хувьд тус төлбөрийг өгөх шаардлага байхгүй гэсэн шийдвэр гарсан. Харин МСБХ-ны нарийн бичгийн дарга Б.Дашдорж шүүхэд болон МСБХ өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-ны ээлжит бус хуралдаан дээр “Тухайн үед МСБХ-ны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилын гаргасан чиглэл шийдвэрийн дагуу ажилласан. “Буруу шийдвэрийн улмаас бусдад манай холбоо өртэй болсон. Бид энэ мөнгийг өгөхөөс өөр аргагүй” гэж хэлсэн байдаг. Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар МСБХ ерөнхийлөгч нь Ц.Мөн-Оргилын нэр дээр байна лээ. Тэгэхээр яалт ч үгүй Ц.Мөнх-Оргил төлбөр тооцоог барагдуулах болж байгаа. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед болсон асуудал. Аль ч төрийн бус байгууллагыг төлөөлөх, аливаа санхүүгийн асуудлыг тухайн төрийн бус байгууллагын тэргүүн нь хариуцдагийг хүн бүхэн мэднэ.
-Өмнө нь төлбөр тооцоогоо хийхгүй хууль хяналтын байгууллагад хандаж байсан тохиолдол байгаа юу?
-Манай байгууллагатай нэг ч удаа ийм зүйл тохиолдож байгаагүй. Ц.Мөнх-Оргилын гуйлтыг хүлээн авсан ТУЗ-ийн гишүүний цалин мөнгийг хаачихсан байгаа. Тэр хүн цалин мөнгөө авч чадахгүйгээс гадна ТУЗ-өөс гарах өргөдлөө хүртэл өгчихсөн. Хүнийг ингэж л хохироож байна. Ц.Мөнх-Оргилын энэ үйлдлээс болж татварт орох ёстой мөнгө орохгүй болж төр хохирч байна. Тэр хүн 1 тэрбум төгрөгийн тансаг харшид амьдарч, 400-гаад сая төгрөгийн үнэтэй машин худалдаж аваад унаж байна. Энэ хүний үйлдлийг олон залуус харж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Үүнээс болоод их олон хүний эрх ашиг хохирч байгаа гэсэн?
-Манай байгууллага Монголынхоо нэр нүүрийг бодож, спортыг дэмжиж ирсэн уламжлалаа бодож, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан хүн хандахаар нь итгэл үзүүлж эрсдэл хүлээж, тамирчид хүлээн авах шийдвэрийг тухайн үед гаргаж байсан. Ц.Мөнх-Оргил нийгэмд эзлэх байр суурь өндөр, хуулиа сайн мэддэг, сайд байсан хүн шүү дээ. Манайх хоёр мянга гаруй хувьцаа эзэмшигч хүнтэй, 200 гаруй ажилтантай. Өөрөөр хэлбэл хоёр мянган хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож байна. Тэгсэн мөртлөө хэвлэлд ганцхан миний эрх зөрчигдөөд байна гэж ярьж байна. Тэр хүн холбоо л мөнгийг чинь өгнө гээд сууж байна. Бидэнд учруулсан хохирол, МСБХ-ын нэр хүнд гээд маш олон хүний эрх ашгийг огт бодохгүй байна. Энэ бүх асуудлын эхлэлийг өөрөө тавьж, өрөнд оруулах шийдвэр гаргасан хүн шүү дээ. Бид аргаа бараад Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хандах болно гэж Ц.Мөнх-Оргилд мэдэгдсэн. Сагсан бөмбөгийн хөгжил дэвшлийн төлөө явж байсан хүн гэхэд цочирдмоор хариулт өгсөн. Бид Олон Улсын сагсан бөмбөгийн холбоонд хандвал Монгол Улс ийм эрсдэлд орох гэж байгааг хүртэл мэдэгдсэн. Хоёр жилийн өмнө Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Япон улсын сагсан бөмбөгийн холбоог тэмцээн уралдаанд оруулахгүй, сагсан бөмбөгийн олон улсын чанартай тэмцээн зохион байгуулахыг, бусад орны шилдэг тоглогч нарыг оролцуулахыг хоёр жилээр хассан шийдвэр гаргаж байсан. Бид тус газарт хандвал ийм л зүйл болох гээд байхад “Надад хамаагүй” гэж байна. Монголын сагсчид ямар сайхан бахдам амжилт гаргаж байна. Азийн орнуудад шилдэг наймд шалгарлаа. Шилдэг багуудыг хожсон шүү дээ. Зөвхөн нэг хүний биш олон хүний эрх ашиг байгаа биз дээ. Бид Олон Улсын сагсан бөмбөгийн холбоонд хандахгүй байгаа шалтгаан энэ. Хэдийгээр хохирол байгаа ч гэсэн хөлс хөдөлмөрөө гаргаж өдий зэргийн сайхан амжилт гаргаад байгаа сагсчдаа бодох хэрэгтэй биз дээ. Ц.Мөнх-Оргил өөрөө л энэ асуудлыг ил болгосон. Бид бүхэн үүнийх нь дагуу хариу тайлбар өгч байна.
-Хилээр гарахыг хориглосон байхад гадаад руу явсан байна лээ. Энэ талаар мэдсэн үү. Та бүхэн энэ талаар одоог хүртэл яагаад дуугүй явсан юм бэ?
-Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа мэдсэн. Бидэнд албан ёсоор ирсэн мэдээллээр хоёрдугаар сарын 13-нд хилээр гарахыг хориглох шийдвэрийг Шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан байсан. Шийдвэрийг Ц.Мөнх-Оргилд албан ёсоор танилцуулсан гэсэн. Гэвч өнгөрсөн сарын 19-нд Монгол Улсын хилээр гарсан байна Хуулийг ингэж л гажуудуулж байна. Жирийн ард иргэд ийм шийдвэр гарчихсан байхад хилээр гарч чадахгүй шүү дээ. Сайдын албан тушаал хашиж байсан хүн гэхээрээ хууль журмыг ингэж зөрчиж болохгүй биз дээ. Эцэст нь хэлэхэд зөвхөн нэг хүний эрх ашигаас болж аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, сагсан бөмбөгийн спорт хохирч болохгүй гэдгийг Харвардын их сургуулийн төгсөгч хууль зүйн байсан энэ хүн ойлгох цаг нь болжээ. Спортыг өөрийн нэр хүндээ өсгөхөд ашиглачихаад өрөнд оруулаад зугтаж байгаа нь манай улс төрчдийн нийтлэг дүр зураг болж байгаад харамсаж байна.
Э.ХҮРЭЛБААТАР
"Өдрийн сонин"
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хүн мөн ч олон хүний хувь заяагаар тоглох юм аа
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ : 22 000₮