Өнөөдөр шилдгүүдийн төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн шилдэг тоглогчид хоёрдугаар сарын 5-ны энэ өдөр мэндэлжээ. Тэд бүгд өөр өөрсдийн гэсэн ертөнцийг ногоон талбайд бүтээж яваа эрхмүүд билээ. Ингээд төрсөн өдрийн эзэдтэй танилцая.

Кристиан Роналдо

Түүхэнд хоёрхон л Роналдо хөлбөмбөгийн ертөнцийг эзэгнэж чадсан байдаг. Тэдний нэг бол яах аргагүй Португалийн шигшээн өнөө цагийн од, Реал Мадридын супер довтлогч Кристиан Роналдо юм. Тэрбээр өнөөдөр 30 насны босго давж байна.

Нутгийнхаа Спортин Лисбон клубээс замналаа эхлүүлсэн Роналдо Манчестер Юнайтедын хамт дэлхийн шилдэг тоглогч болох замаа зассан юм. Одоо тэрбээр Реал Мадридын супер тоглогчдын нэг бөгөөд саяхан дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг гурвантаа хүртсэн билээ. Роналдо клубийн гэлтгүй шигшээ багийнхаа тавцанд Европын томоохон тэмцээнүүдэд оролцож заримд нь түрүүлсэн юм. Тэрбээр Манчестер Юнайтед клубтэй премьер лиг, Аваргуудын лиг, ФА цом, Капитал нэг цомуудад түрүүлсэн бөгөөд Реал Мадридад Аваргуудын лиг, Ла лигийн аварга, Эзэн хааны нэрэмжит цомыг тус тус толгой дээрээ өргөсөн амжилттай билээ.

Нэймар Жуниор

Хэрэв та Бразилийн шигшээ багийн дэмжигч бол танд ч мөн баяр хүргэе. Учир нь өнөөдөр таны дэмждэг Бразилийн шигшээн залуу од Нэймар Жуниорын 24 насны төрсөн өдөр тохиож байна. Хар залуу наснаасаа од болон гялалзсан тэрбээр нутгийнхаа клубээс Европ руу аяллаа Барселона хэмээн тодорхойлсон билээ. Довтолгооны уран нарийн мэдрэмж, супер тогтоолт, хүчтэй хийгээд эвлэгхэн цохилт, хууралт, бөмбөг туух хосгүй авъяас, довтолгоо төгсгөх зохион байгуулалтыг мундаг эзэмшсэн энэ залуу ирээдүйд асар авъяастай гэгддэг юм. Одоо тэрбээр үндэсний шигшээ багийнхаа шилдэг тоглогчдын нэг болсон.

Тевез

Аргентиний шилдэг тоглогчдын нэг Карлос Тевезийг мөн л дэлхий мэднэ. Энэ эр Английн премьер лигийн Манчестер Юнайтед, Манчестер Сити багуудад од болох гараагаа эхлүүлсэн юм. Одоо 34 настай тэрбээр өнөөдөр баярын бялуугаа багийнхантайгаа хувааж байна. Хөлбөмбөг сонирхогчид түүнийг Италийн Ювэнтүс багийн довтлогч гэдгийг хэлүүлэлтгүй мэднэ.

Түүний нас явж байгаа ч шилдэг тоглолтоо хадгалсан хэвээр байна. Европын шилдгүүдийн өөр нэгэн залуу од бол Аднан Янузай. Бельгийн шигшээн гал цогтой энэ залуу хүү Манчестер Юнайтедын ирээдүй гэгддэг. Дөнгөж 19 нас хүрч байгаа тэрбээр хөлбөмбөгийн оргил руу арай л залуудаа өгсөж яваа юу гэлтэй. Гэхдээ түүний ур чадвар, бурхнаас заяасан гайхамшигт авъяас түүний насыг үл тоож байна. Эдгээр супер тоглогчиддоо болон тэднийг дэмжигчдэд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top