Засгийн газырн өчигдөрийн хуралдааны талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Таван толгойн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өглөө. Дэлхийн нүүрсний нөөц нэг их наяд 96 тэрбум тоннын нөөц байдаг юм байна. Энэ нөөцөд Монгол хоёр хувийг эзлэдэг. Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийд 15-д ордог. Тэгэхээр Монголын нүүргүйгээр дэлхий нүүрсний хомсдолд орно гэдэг өрөөсгөл. Харин нүүрсээ ашиглах нь өөрсдийн дотоод давуу талаа бий болгох боломж.
Сүүлийн жилүүдэд зах зээлд нүүрсний өрсөлдөгчид шинээр бий болох хандлагатай байгаа. Австрали бол нүүрсний маш их нөөцтэйгөөс гадна түүнийгээ дамжуулах дэд бүтцийг өндөр хөгжүүлж чадсан. Мөн Оросын "Элга" төсөл. Энэ төсөл нь 320 км зам, боомтуудаа шийдээд Хятад улстай хамтарч хөрөнгө оруулаад 2.2 тэрбум тонн нүүрс зах зээлд гаргахад бэлэн болсон байна. Тэгэхээр гадаад зах зээл дээр бид цаг хожихгүй бол нүүрсний зах зээл дээр өөрсдийн байр суурийг алдаж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Дотоод эдийн засаг муу байгаа учраас Таван толгойг хурдан хугацаанд ашиглалтад оруулж, мөнгө олох хэрэгтэй байгаа юм.
Өмнөх Засгийн газрын үед сонгон шалгаруулалтад шалгарсан гурван компанийн хамтарсан консирцум байгаа. Үүнд Японы –“Сумитомо”, Хятадын “Шинхуа”, Монголын компаниуд оролцсон консерциумтай гэрээ хэлэлцээр үргэлжлүүлж байна. Эдгээр компаниуд дөрвөн тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, өмнө нь хийгдсэн ажлуудыг хүлээн авч, хөлсийг нь манайд олгох, 30 сая тоннын нүүрс боловсруулах үйлдвэр барих, урьдчилсан байдлаар 100 сая долларын хөрөнгө оруулалтыг зээл маягаар урьдчилаж олгох шаардлага тавьж байгаа. Хэлэлцээр зарим талдаа хүнд байгаа ч цааш явах боломжтой хэмээн М.Энхсайхан сайд мэдээлсэн.
Нэлээн олон улсад суугаа элчин сайдын хугацаа дууссан учраас буцааж татаад оронд нь хүмүүсийг томилсон. Төрийн өмчийн хорооны даргыг үүрэгт ажлаа нь чөлөөлж, Нанзаддоржыг оронд нь томилсон" гэлээ.
Л.Од

Сэтгэгдэл ( 0 )