Ч.Хүрэлбаатар: Өрийн хэмжээ хурдан нэмэгдсэн нь ойлгомжгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Засгийн газар энэ онд цалин тэтгэврийг нэмэхгүй гэж байсан ч нэмэхээр болсон. Ямар эх үүсвэрээс цалин, тэтгэвэрийг нэмэх болсон талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

- Өнгөрсөн долоо хоногт л цалин, тэтгэвэр нэмэх нь битгий хэл, хүүхэд, ээжүүддээ өгөх мөнгөгүй байна гэж мэдэгдээд байсан Засгийн газар хэдхэн хоногийн дараа цалин, тэтгэвэр нэмэхээр боллоо гэж байна. Энэ эх үүсвэрийг хаанаас гаргахаар болов?

-Одонтой эхчүүд, хүүхдийн мөнгөөр хуучнаараа олгохоор болсон. Үүнд 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Мөн цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр гаргая гэж ярьж байна. Эх үүсвэрээ 2014 оны зургаадугаар сараас хойш нефтийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гурав дахин унасан. Нэг баррель нь 117 доллар байсан бол өнөөдөр 49 доллар болсон байна. Харин манайд үнэ нь хэвээрээ байна. Тиймээс Засгийн газар гаднаас орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнээс татвар авъя, Онцгой албан татварынхаа хувь хэмжээг нэмэгдүүлье. Үүнээс 200 гаруй тэрбум төгрөг олж, цалин  тэтгэврээ нэмж, зардлаа санхүүжүүлье гэсэн урьдчилсан тооцоо байна. УИХ-ын нэгдсэн чуулган болон Төсвийн байнгын хороон дээр санал хураагаагүй байгаа.

- Төсвийн алдагдлыг таван хувь хүргэхээр Засгийн газар оруулж ирсэн. Төсвийн алдагдлаа нэмэхээр хямралыг бүр хөөрөгднө гэж эдийн засагчид ярьж байна?

- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол төсвийн алдагдалд ДНБ-ний хоёр хувь байх ёстой. Гэтэл өнгөрсөн жилүүдэд цаасан дээрээ хоёр байсан боловч үнэн хэрэг дээрээ 10 хувьтай байсан. “Чингис”, “Самуурай” бондын санхүүжилт ороод ирэхээр 10 гараад явчихсан. 10 гаруй хувийн төсвийн алдагдал нь өөрөө эдийн засаг хямрах гол шалтгаан болсон. Дэлхийн нийтийн туршлагыг харвал төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувь байж болно. Ер нь ДНБ-нийхээ гурван хувиас илүү өрийн алдагдалтай байх нь эдийн засгийн хямралыг өдөөж, тогтворгүй байдлыг бий болгодог. Гэтэл Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг оруулж ирэхдээ алдагдлын хэмжээг таван хувь хүргэнэ гэж тусгасан. Үг хэлээрээ хямралаас гарна гэж яриад байдаг. Тэгсэн хэрнээ төсвийн алдагдлаа таван хувь болгоно гэж оруулж ирж байгаа нь өөрөө хямралаас гарах алхам биш. Хямралаас богино хугацаанд гарахын тулд төсвийн алдагдлаа эрс бууруулах ёстой.

- Өнгөрсөн долоо хоногт манай улсын өр ДНБ-ний 55.2 хувьтай байгаа гэж байсан бол Сангийн сайд өчигдөр 58.3 болсон гэж мэдэгдлээ. Ер нь манай өрийн хэмжээ ямар байгаа юм бэ?

Өрийн хэмжээн дээр сүүлийн дөрөв, таван сар маргаан явж байна. 2014 оны аравдугаар сард Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын өрийн хэмжээ 49 хувь байна гэсэн бичиг өгсөн. Он гараад 55.2 хүрсэн байна гэсэн. 2015 оны төсвийг хэрэгжүүлснээр өрийн хэмжээ ДНБ-ний 58.3 хувь байна гэдэг зүйл яриад байгаа. Одоо 58.3 байгаа учраас МАН АН хоёрын хооронд үл ойлголцол үүсээд байгаа учраас манай намын бүлэг завсарлага авсан.

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.90) 2025 оны 03 сарын 13

Yahavdee uursduu tom yildveryyd baigyylaad l bidend zeel ni ch oldohgyi l bn shyydee.

1  |  0
Зочин(103.229.121.84) 2025 оны 03 сарын 13

цалин тэтгэвэр нэмнэ гээд бёнзины үнийг нэмэх нь. дагаад бүх юмны үнэ өснө. \m/

1  |  0
Top