Өрийн таазыг 60 хувьд хүргэхийг УИХ-ын чуулганаар дэмжлээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувьд хүргэх болсон бөгөөд энэ асуудлыг хуралдаанд оролцсон 64 гишүүний 51 нь буюу 79.7 хувийн саналтайгаар дэмжсэн байна. Одоогийн байдлаар манай улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьтай тэнцээд байгаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ талаар “Өнөөдрийн хүрчихээд байгаа өрийн хязгаар бол өнөөдрийнх. Гэхдээ бид ганц өнөөдрөөр амьдарч болохгүй. Эдийн засаг хүндэрч буй энэ хүнд байдлаас гарах нь ганц нам, Ерөнхий сайдын асуудал биш. Өнөөдөр хүрчихээд байгаа өрийн хэмжээг тогтоож авах нь зүйтэй гэсэнтэй санал нэг байна. Гэхдээ маргааш өдөр ирнэ гэдгийг бас бодолцох нь зүйтэй. Одоо Засгийн газар богино хугацааны арилжааны зээл авахгүй. 10-40 жилийн хугацаатай урт хугацааны зээлийн асуудлыг УИХ дээр ярьж шийднэ. Хувийн хэвшлийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх шийдэлд хүрсэн тохиолдолд Засгийн газар баталгаа гаргахаас өөр аргагүй” гэсэн тайлбарыг хэллээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
ih urtei bolood yag l adilhan ta hediin kompan ni sanhuuljilt l awna busad ni yag awj haragddana da.ger bul ee aytaihan awj yawj chadahgui bgaa humuus yaj ulsiig awj yawah yum.