Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Уг ойн ажлын хүрээнд Улсын Их Хурлаас Б.Чимидийн нэрэмжит шагналыг УИХ-ын дарга З.Энхболд гардуулан өглөө. Тус шагналыг анх удаа өгч байгаа ба УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шагналын эзнээр тодорсон юм.Тэрбээр “Төрийн эрх мэдлийн хуваарилалт” гэсэн номоороо энэхүү шагналыг хүртсэн бөгөөд уг шагналын төлөө олон бүтээл ирснээс түүний бүтээл ийнхүү шалгарсан байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арванэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот захирамжаар баталсан. Энэхүү журам батлагдснаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
дахин төрөх болтугай,ийм эрдэмтэй номтой ухаантай хүнлэг даруухан хүн одоо яг хэрэгтэй байна даа...