Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг орон нутгийн иргэдэд таниулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, орон нутгийн ахуй амьдрал, цаг үеийн ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар энэ сарын 1-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдсан. Хуралдааны явцад иргэд, байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Төлөвлөгөөнд дараах ажлуудыг тусгажээ.
- Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлуудыг энэ онд ашиглалтад оруулах
- “Адуучин-2014” тэмцээнийг 2014 оны 8 дугаар сарын 23-нд зохион байгуулах, 2015 оноос тус тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах
- Дотоод, гадаадын аялагч, жуулчдыг орон нутагт татах зорилгоор аймаг, сум орон нутгийн хэмжээнд зохион байгуулах баяр наадмын товыг өмнөх оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тодорхой болгох
- Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар хэрэгжиж байгаа төсөл, орон нутгийн гэгээрэл хөгжлийн төв болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг эрчимжүүлэх
- Хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанар, алслагдсан сумдын эрүүл мэндийн төвийн усан хангамж, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, нэн шаардлагатай шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуураар хангах, осол гэмтлийн давтамж өндөр байгаа байршилд тусламж, үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах, төвүүдийн эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг судалж шийдвэрлэх
- Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 16 мянган тн, Увсын Баруунтуруун, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнод аймагт тус бүр 20.0 мянган тоннын элеварторыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
- Үндэсний үйлдвэрлэл болон малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор улаан буудай, хонь, тэмээний ноос, арьс, ширэнд олгож байгаа урамшууллын үр дүн, үндэсний үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний болон экспортын өсөлт, эдийн засгийн үр өгөөжийг судалж танилцуулах
- Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан сумын төвийн иргэдийг төслийн ажилд идэвхитэй оролцуулах тогтолцоог бүрдүүлэх, төслийн ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавих
- Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тухайн сум, багийн иргэдэд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж, үзэсгэлэн гаргах, зээл авсан иргэд, аж, ахуй нэгж байгууллагаар танилцуулга хийлгэж байх
- Булган аймгийн Дулааны станцын барилгын ажилд шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг судалж шийдвэрлэх
- Булган аймгийн Тэшиг сумын “Бага илэнх”-ийн боомтыг нээх асуудлыг судалж, танилцуулах
- Булган аймгийн Баян-Агт сумын Соёлын төвийн барилгын ажилд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг судалж, 2015 оны улсын төсөвт тусгаж, ашиглалтад оруулах
- Булган аймгийн Баян-Агт сумын ЗДТГ-ын шинээр барих барилгын ажлыг зурагтөсөвтэй болгох зэрэг ажлыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )