Говь-Алтайн нөхөн сонгууль хууль зөрчсөн үү

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 08

Говь-Алтай аймагт нөхөн сонгууль болно. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх Говь-Алтай аймагт 2012 онд болсон орон нутгийн сонгуультай холбоотой асуудлыг шүүж,маргааныг тасалсан байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр, нийтдээ 17 төлөөлөгчийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэсэн байна.

Нөхөн сонгууль явуулахын тулд тус аймгийн Сонгуулийн хороог сэргээн байгуулж, 2014 оны нэгдүгээр сарын 19-нд дахин сонгуулийн санал хураахаар товложээ. Харин УИХ-д энэ асуудал хэрүүлийн алим болж байгаа. Гишүүдийн санал ямар байгааг сонслоо.


Р.Гончигдорж: Говь-Алтай аймагт яг одоо ямар нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар ямар ямар шийдвэр гаргав. Мөн хүчин төгөлдөр биш дэгийн тухай асуудлууд яаж шийдэгдэх юм. Өмнө нь байсан Засаг даргын маргааныг авч хэлэлцэх асуудал мөн юм уу. Ер нь захиргааны шийдвэр гаргадаг уу, захиргааны шийдвэр гэж ер нь юу юм бэ, төсөв баталж байгаа ажил уу. Үүнийг бүр болохгүй бол үндсэн хуулийн цэцээр тайлбарлуулах гэж оролдож болно шүү дээ. Заавал байнгын хорооны  асуудал үүсгээд байхгүй. Энэ асуудал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүсье. Одоогийн засаг захиргаа нь ямар үүрэг гүйцэтгэж байна.


Ч.Сайханбилэг: Р.Гончигдорж гишүүн өөрөө асуултаа тавиад, тэрэндээ өөрөө хариулаад эргэчихлээ л дээ. Говь-Алтай аймагт үүссэн нөхцөл байдлыг хэрэг эрхлэх газар тайлбарлаж байгаа. 2013 оны арваннэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ асуудалд яах ёстой юм бэ, чиглэл өгөөч ээ гэсэн албан бичиг ирсэн. Манай дэд дарга Ч.Сайнбилэг энэ захианы хариуг өгсөн байна билээ. Угаасаа шүүх хуралдааны шийдвэрээр хариу өгсөн шүүх хуралдааны шийдвэрийг хүндэтгэж ажиллахаас өөр аргагүй. Энэ сонгуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй.


Б.Эрдэнэбат: Өнөөдрийн Говь-Алтай аймагт үүсээд байгаа нөхцөл байдал бол миний үзэж байгаагаар болон хуучин хуулиар буруу сонгууль явж эхэлсэн. Ингээд явж байхад  одоо болохоор өмөөрөөд байгаа юм. Би үүнийг маш ноцтой зүйл гэж ойлгож байгаа юм. Сонгуулийн шийдвэр рүү халдаж орно гэдэг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм. С.Баярцогт гишүүн энэ бол ноцтой асуудал шүү. Одоо УИХ-руу энэ хууль бус шийдвэр орж ирэх нь энэ асуудал дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энд танай манай намын тухай асуудал байхгүй. Энд иргэдийн сонголтыг онцгой зөрчлөөр үгүйсгэж байна. Тэрийг нь их хурал авч хэлэлцдэг болсон үүнийг бид өөрчилж болохгүй. Иргэдийн хурлыг дээд шүүхийн шийдвэрээр нутгийн өөрөө удирдах байгууллагын асуудлыг УИХ баталж өгөх нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байна гэдгээ л хэлчихье.


С.Баярцогт: Сонгуулийн хуулиа дагаж шийдвэрлэх хэрэгтэй. Сонгуулийн тухай хуульд дахин санал хураалтыг заачихсан байгаа юм. Дахин санал явуулах асуудлыг бол УИХ одоо шийдвэр гаргаад тус аймагт байгаа Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрийг гүйцэтгэнэ гэдэг буруу юм болно гэж үзэж байна. Энэ дахин санал хураалт уу дахин сонгууль юм уу гэдгээ ойлгох хэрэгтэй. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй.


Говь-Алтай аймгийн Сонгуулийн ерөнхий хороо: Дахин сонгууль явуулах шийдвэрийг иргэдийн хурлаас гаргачихсан. Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэр.


Л.Цог: Сонгууль явахад хууль зөрчсөн байгаа юм. Сонгуулийн 55 хувь гаргахгүй. Бид ийм хариуцлагагүй түвшинтэй их хурал хийж болохгүй. Бүгдээрээ хууль мэддэг байх албагүй.  Ядаж чиглэлийн хүний үгийг сонсож байж гаргахгүй бол ингэж төөрөх нь байна. Хэдийгээр бидэнд ярих эрх нь байгаа ч гэсэн бас нэг чиглэл дагаж ярихгүй бол цээжний пангаар том, том ярих юм бол болохгүй байна ш дээ. Хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Яаж энэ олон гишүүдийн бодлыг зөв болгох юм байгаа юм мэдэхгүй. Болохгүй бол захиргааны эрхийн шүүхийг нэг, хоёр цаг сонсчихьё. Орон нутгийн сонгуулийг дэгээдэж унагах нь байна.


Р. Бурмаа: Орон нутгийн сонгуулийн хороо гаргачихсан байхад бидэнд маргах эрх байхгүй дээд шүүх нотолсон ийм нотлогдсон байхад. Би Цог гишүүнтэй санал нэг байна. Энэ бол шүүх шийдчихсэн асуудал. Дахин сонгуулиа зарлачихсан байхад нэгэнт аймгийн сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд  дахин сонгууль хийнэ гээд шийдчихсэн, Дээд шүүхийн эцсийн шйидвэр гарчихсан байхад их хурал гаргахгүй гэсэн асуудал байхгүй. Тиймээс бид энэ сонгуулийн зардлыг баталж өгөх ёстой. Харин иргэдийн хурал нь хүчинтэй юу, үгүй юу гэдгийг батлах хэрэгтэй. Тэгээд л өөрсдөө шийдчихгүй хэрэггүй асуудал оруулж ирэх юм.


Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо: 2012 оны сонгуулиас хойш долоон газар нөхөн сонгууль болсон. Энэ долоон газарт  орсон зардлыг УИХ-д оруулж ирээгүй. Ардын намын бүлгээс энэ зардлын асуудлыг өгнө үү гэдэг албан тоот 12.26 -нд ирсэн. Энэ асуудлыг УИХ-ын даргатай ярьсан. Манайх дотооддоо шийчихэж болно гэсэн. Гэтэл Ардын нам оруулаад ирвэл ир л гэсэн. Түүнийх нь дагуу л оруулж ирж байгаа юм. Бидэнд өөрсдийн зардлаас зохицуул гэдэг бичиг өгчихвөл тэгээд л бочих юм байхгүй юу.


А.Бакей: Энэ байдлыг УИХ-д оруулж ирэх хэрэггүй. Өөрсдөө энэ асуудлаа шийд гэдэг санал гаргалаа. Хэлэлцэх шаардлаггүй юм байна. Зардлаа өөрөөсөө гарга гэдэг бичгийг чинь өгнө.

Н.Ганчимэг


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu