Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа төлбөргүй болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлснээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдолтой.

Энэ хуулиар Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, эсхүл нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн, эсхүл Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэмт хэрэгт холбогдон яллагдагчид тооцогдсон тохиолдолд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан. Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд төвийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг нь энэ хуулиар мөн зохицуулжээ.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны 37 төвийг үе шаттайгаар байгуулж, улсын өмгөөлөгчийг чадавхжуулж, эхний ээлжинд улсын өмгөөлөгч 72, өмгөөлөгчийн туслах 10, ажлын албаны 10 ажилтан, нийт 92 хүн ажиллахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн цалингийн зардалд 659,456.4 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 649,304.9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 170,600.0 сая төгрөг нэмэгдсэнээр эхний жилд улсын төсвөөс 1,479,361.8 төгрөг гаргуулах тооцоог урьдчилсан байдлаар хийгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top