Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Даатгалын тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь үнэт цаасны зах зээл сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг хуульчилсан. Хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болсон. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой болсон.
Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, түүний төрөл, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, тэдгээр үйл ажиллагаатай холбогдох нарийвчилсан зохицуулалт бүхий дүрэм, журам, заавар, аргачлалаас бүрдэх багц дүрмийн хүрээ, хязгаарыг хуульд зааж, Санхүүгийн зохицуулах хороо баталж мөрдүүлэхээр хуульд тусгасан. Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн эрх, гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгосон.

Сэтгэгдэл ( 0 )