Зиндаа.мн сайт 2013 оны улстөрийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
Дагуул биш болсноо тунхагласан улс “Ухаалаг” алхам хийхээр шийдсэн нь...
Өнгөрөгч хаврын хуйсагнасан өдрүүдэд Улаанбаатарт нэгэн чухал арга хэмжээ болсон юм. Манай улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгуулж, 140 шахам орны төлөөлөгчдийг урьж авчирсан явдал нь Монголын түүхэнд их хэрэгтэй үйл явдал болсон гэдгийг хэлэх эрхмүүд цөөнгүй бий. Хорь гаруйхан жилийн өмнө Зөвлөлтийн дагуул улс гэгдэн гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ тэндээс хараат байж асан Монгол Улс өдгөө улс шиг улс болж, улстөрийн бодлого, гадаад бодлого, гадаад орнуудтай харилцах харилцаан дээрээ үсрэнгүй өөрчлөлтөд хүрснийг илтгэсэн арга хэмжээ гэж хэлж болох юм. Тэгвэл энэ оны хавар ийм арга хэмжээг зохион байгуулсан Монгол Улс даяар өнгөрөгч арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжилт хийх тухай санаачилга хүчээ аван түглээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан эл санаачилга нийгмийн анхаарлын төвд байгаа юм. Ерөнхийлөгч “Монгол Улсын өмнө тулгамдаж буй гол бэрхшээл буюу бидний дундын зовлон гэж хэлж болно. Ганц төрийн, эсвэл Засгийн газрын, аль нэг намын асуудал юм уу, хэн нэг хүний зовлон биш. Монголын зовлон юм. Тийм учраас бүгдээрээ ярилцаж шийдлээ олохын төлөө ажиллах зөв гэж бодож байна. Ер нь биднийг нэг л өнгөөр буюу Монгол Улс, Монголын төр гэж хардгийг хэлэх нь зөв байх аа.” хэмээн хэлж байсан. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу ажиллана гэдгээ тод томруунаар илэрхийлсний араас УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар болон УИХ-ын бусад гишүүд мөн дэмжиж байгаагаа илэрхийлэн Тунхаг бичигт гарын үсэг зурцгаасан юм.

Мөн энэ санаачилгын хүрээнд Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл болох 300 гаруй хүнтэй “Зангиагүй уулзалт” хийхдээ “...Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжинэ гээд зарлачих” хэмээн хэлсэн нь энэ оны анхаарал татсан үгсийн нэг байлаа. Монголын хэвлэл мэдээллийн байгууллага улс төрчдийн халаас, хэтэвчинд бойжиж байгаа энэхүү байр байдлыг өөрчлөхийн тулд хэвлэлийнхэн улстөрчидтэй гэрээ хийх биш нийгэмд жинхэнэ баялаг бүтээж байгаа бизнесийнхэнтэй ойрхон байх нь зөв гарц гэдгийг тэр хэлсэн. Мөн “Улстөрчид бол салхи дагадаг хүмүүс. Хууль гэнэт гарчихдаггүй. Иймд бизнесийнхэн явцын дунд нь алдаа дутагдлыг нь засах хэрэгтэй” гэсэн юм. Бас бизнесийнхэн аливаа хууль журмыг гарсных нь дараа дуугарахаас гадна, гарахаас нь өмнө шийдвэрт нь нөлөөлөх боломж бололцоогоо дутуу ашигладаг тухай яригдлаа. Тэгэхдээ тэр нь улстөрчдийг лоббидох гэсэн утга бус. Харин хэвлэлийнхэнтэй хүч хавсран эрүүл шийдвэр гарахад нь нөлөөлөх ёстой гэсэн агуулгатай байв. Нэг ёсондоо бизнесийн салбарынхан хэвлэлийнхэнтэй хамтарч ухаалаг төрийг хөрсөнд буулгаж, түмэнд ойртуулсан салхийг сэвэлзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах талаар ярьсан нь оролцогчдыг талархлыг ихэд хүлээсний араас үр дүн гарах учиртай юм. Тиймээс ч оны тойм онцолж байна.
Ганхсан ч тэсээд үлдсэн нь...

Баахан шүүмжлэл сонссон Засгийн газрын тэргүүн 70-80 хүний хамтаар Бурхан халдунд төөрсөн нь анхаарал татсан үйл явдлуудын нэг байв. Ерөнхийлөгчөөс бас МАН-аас шүүмжлэл сонсож, огцрох ёстой гэгдсэн Ерөнхий сайд “Бурхан халдун” тийш нисчихсэн юм. Зорилго нь мөргөхөөр явсан гэгддэг. Тэгтэл Бурхан халдун мөргөдөг уул биш. Уулын тэнгэр тайна гэдэг нь төрт ёсны соёлын маш том өв. Төрийн ёсоор тайдаг, цагтай, өдөртэй. Уулын тэнгэрийг тайна гэдэг нь тэр уулын, нутгийн эзэд нь бид. Байгал, уул, усаа ариун дагшин авч явнаа гэдгээ илэрхийлж байгаа ёс төртэй үйл байдаг атал манай Ерөнхий сайд тэр ууланд 70-80 хүн дагуулж очоод мөргөсөн, төөрсөн. Төөрч алга болсон тэр өдөр нь намынх нь төрсөн өдөр тохиож таарсан. Намынх нь дарга төөрчихөөд байхад энд хэсэг нөхдүүд төрсөн өдөр хийсэн гэгддэг ч, бас дотроо сэтгэл нь зовцгоож л суусан байлгүй. Ямартай ч эрлийн баг гэж нүсэр бүрэлдхүүн гарч ажилласны хүчинд Бурхан Халдун ууланд цас ухаж, гал түлж хоносон ерөнхий сайдын багийнхан аврах нисдэг тэрэг харангуутаа орилолдож бас уйлалдсан гэх мэдээллийг уншсан зарим хүмүүс битүүхэндээ шоолж хүлээж авцгаасан л байдаг. Зарим хэсэг нь өрөвдсөн ч байдаг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гарган тавьсан МАН-ынхан төөрсөн ЕС-ийг олоход туслах тухай асуудлыг гарган тавьсан бол Н.Номтойбаяр хүү “Норовын хүүд Бурхан халдун томдоно шүү дээ. Зуун мод явахад таардаг жижиг дов руу гарахгүй дээ” хэмээн жиргээд сууж байсан. Ерөнхийдөө ЕС-ийн төөрсөн энэхүү үйл явдал хэлбэр талаасаа хошин мэт ч, агуулга талаасаа бас л асуудал дагуулсан үйл явдал байлаа.
3 дугаар эгнээ рүү шилжсэн гэгдэх МАН-ынхан буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Н.Алтанхуягийн удирдаж буй Засгийн газрыг огцрох ёстой гэсэн хэд хэдэн үндэслэлийг гарган тавьсан нь онцлох үйл явдлуудын нэг байсан. Хэдийгээр засаг унаагүй ч, бүрэн бүтнээрээ үлдэхийн төлөө процесс нь анхаарал татаж байсан билээ. Засгийг тэргүүлэгч Н.Алтанхуягийн тухайд Ерөнхий сайдын суудалд үлдэж дийлнэ гэдэгт нь эргэлзмээр асуудлууд байсан ч, тэрбээр УИХ-ын индэр дээр гарч зогсчихоод гуйсан, гувшсан, панаалдсан, аргадсан янз янзын байр байдал гаргаж байгаад тэсээд үлдсэнийг бид мэднэ. Яахав нөгөө талаас МАН-ын засаг тийш чиглэсэн энэхүү алхмыг нөгөө талаас нь харагсад бий. Тухайлбал, парламентад гишүүдийнхээ тоогоор улстөрийн хоёр дахь хүчин болох МАН-ын зүгээс засаг тийш чиглүүлэн тавьсан асуудлыг өөрийнх нь гишүүдээс өөр хэн ч дэмжээгүй нь, цөөхөн хүнтэй ч гэсэн АН-тай эвсэж байгаа “Шударга Ёс эвсэл”-ийг улстөрийн байр сууриар хоёрдугаар байранд аваад ирлээ гэж хэлэх нэгэн ч байсан юм. Нэг ёсондоо МАН-ынхныг 3 дугаар эгнээ рүү түлхэгдэж, хүч нь саарсан гэдгээ дахиад л харууллаа гэгдэж байв. Мөн нөгөө талаас МАН-ынхан АН-ынхан дотроос дэмжлэг олох нь байтугай АН-тай эвсэж байгаа “Шударга Ёс” эвслээс дэмжлэг авч чадаагүй нь, Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед өөрсдөд нь халгаатай гэгдэж байсан билээ.

Энэ үйл явдлаас хойш удалгүй Ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Үнэндээ АН-ынхан МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг доогуур үнэлж харж байгаагаа нуухгүй байсан. Гэхдээ тэр тийм амархан жараахай биш гэдэг нь явцын дундаас тодорхой болсон юм. Тэгээд санал хураалтын дүн эцэслэн гарахад Ц.Элбэгдорж 50.23 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн санал авч, АН-ынхан ялалтын тугаа мандуулсан. Энэ дүнгийн үзүүлэлт бол сонгуульд АН, МАН-ын хүч тэнцвэртэй талдаа байсныг харуулсан юм. За харин Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон нь Монгол Улсын гадаад ертөнц дэх нэр хүндийг ардчилалын төлөөх гэх тодотголтой нь тодруулан харуулсан хэрэг болсон юм.
Сөрөг хүчний удирдагч улстөрийн намуудтай зөвшилцөхөөр шийдсэн нь...

Шинэчлэлийн төлөө дэвсэн МАН-ынхан Их хурлаа аравдугаар сард хийж, удирдлагын аппаратаа шинэчилсэн нь энэ оны улстөрийн анхаарал татсан үйл явдлуудын нэг юм. Өнгөрсөн жилүүдэд газрын наймааны “Загалмайлсан эцэг”, хотын мафийн том “толгойлогч” гэхчлэн таатай бус олон тодотголыг өөртөө зүүж ирсэн М.Энхболд энэ намын дарга болсон бол түүнтэй хүч хавсран луйвар хийж ирсэн гэдгээрээ бас л түмэнд танигдсан Т.Бадамжунайгийнхаа түлхээсээр Ж.Мөнхбат Генсек нь болсон нь нийгэмд саар төрхтэй харагдаж байгаа. Намынхаа даргаар хоёр дахь удаагаа томилогдож байгаа М.Энхболд намын дотоод шинэчлэлийн асуудалдаа санаагаа чилээхээс гадна улстөрийн намуудыг “Үндэсний зөвшилцөл” –д уриалсан үйлдлийг хийсэн нь улстөрийн анхаарал татсан үйл явдлуудын нэг байсан. Харин түүний урилгыг АН болон МАХН-ын удирдлагууд хүлээж аваагүй, уулзалтад нь ирээгүй юм. Гэхдээ түүний санаачилгатай зэрэгцээд М.Энхболд АН-ын Засгийн газартай эвсэх талаар хэлэлцээ хийгээд байна гэсэн мессеж олонд хүрсэн юм.
Эмэгтэйчүүдийн байр суурь ахиж харагдав
-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшсэн нь улстөрийн талбарын онцлох үйл явдлуудын нэг юм. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцооны асуудал зөвхөн манайд биш дэлхий нийтэд анхаарал татсан асуудал. Тэр ч үүднээс МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлж, сойсон нь улстөрийн талаасаа тохиролцооны дагуу хийгдсэн гэх яриаг дагуулсан ч, эерэг талаас нь харах нь илүү оновчтой гэж үзэх ёстой юм.
-Мөн эрх баригч хүчний Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Оюундарийг жинхлэн томилсон нь нэг намын гэхээсээ Монголын улстөрийн талбар дахь эмэгтэйчүүдийн байр суурь хэрхэн ахиж буйг илтгэсэн үйл явдал болсон харагдсан юм.

-За мөн Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт манай улсад болсон нь онцлох хэрэгтэй үйл явдлуудын нэг. “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулагдсан чуулга уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээхдээ, өнгөрсөн 2012 онд болсон парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон. Өнөөдөр УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна хэмээн онцолсон. Мөн тэрбээр, манай оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд улам их үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллах болсон нь нийгмийн дэвшлийн илрэл гэж үзэж байгаагаа хэлж байсан юм.
Бүтэн парламентын гишүүдийг тойрсон асуудлууд үргэлжлэв
Ямартай ч арвангурван онд УИХ бүл нэмж бүтэн болсон. Тэгсэн ч маргаан тасарсангүй. Увсад нэр дэвшиж, гарч ирсэн МАН-ын хоёрын асуудлыг АН-ынхан байсхийгээд л гаргаж ирж, асуудал дэгдээдэг хэвээрээ. Уг нь улстөрийн хор талаас нь харвал АН, МАН хоёр тохироо хийж байгаад Дашзэвэгийн Зоригт, Долгорсүрэнгийн Сумьяабазар хоёрыг УИХ-д оруулж ирсэн харагддаг ч, нэгэнтээ нээнтэгтэй байхын зовлон МАН-ыг ээрсээр өнөөдрийг хүрч байгааг хэлэх хэрэгтэй. Саявтархан Увс аймгийн Тариалан сумын хэсэг иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийлгэж, Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг иргэдэд мөнгө тараасан гэж хэлж ярьцгаахдаа, хэн нэгний хатгалгаар биш, шударга иргэний үүргээ биелүүлэх гэж зүрх сэтгэлийн дуудлагаараа яваа гэдгээ тодотгож байсан. Тэгтэл тэдгээр иргэдийн "Цэцэг" зочид буудлын тавдугаар давхарын дөрвөн өрөөнд буудалласан өрөөний болоод унаа, хоолны төлбөр тооцоог 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Нямхүүгийн төрсөн дүү Баяртайгийн нөхөр Г.Мөнхөө даадаг гэх мэдээлэл гарсан нь анхаарал татаж л байсан билээ. Бүтэн парламентыг тойрсон иймэрхүү маргаан энэ онд олны анхааралд байлаа.

За мэдээж бүрэн бүтэн парламентын гишүүдээс энэ онд ихээхэн хэл ам татласан гишүүдийг дурдвал С.Баярцогт, Ё.Отгонбаяр нарын нөхдүүд бий. С.Баярцогтын тухайд оффшор бүсэд нууц данстай гэдэг нь дөрөвдүгээр сард илэрсэн юм. Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум ICIJ нууц данс эзэмшигч улстөрчдийг олонд дэлгэсний дотор манай улсын Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын нэр ус явж байсан нь яах аргагүй шуугиан тарьсан юм. "The Guardian" өдөр тутмын сонины цахим хуудаст түүний гадаад дахь “Legend Plus Capital Limited” компанийг мөн дурьдсан байсан бөгөөд С.Баярцогт 2008 оны тавдугаар сараас дээрх компанийг эзэмших болсон, компанийнхаа нэрийг ашиглан Швейцарийн банканд данс нээлгэсэн гэдгийг ICIJ баталж байна гэсэн байдаг. Нэг ёсондоо тэрээр Сангийн сайд байх үедээ нууц данс нээлгэсэн гэсэн үг. Түүнтэй холбоотой эл мэдээллийг нийгэм эсэргүүцэн хүлээж авсан. УИХ-ын дэд дарга, төрийн сайд байсан хүний асуудал яригдаж байхад УИХ дахь АН, МАН аль аль талаасаа арьсаа хуулуулчихсан могой шиг л эмзэг байна гэдгийг ч шулуухан хэлэх нэгэн байсан. С.Баярцогтын асуудал гэхээр нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш. Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал. Тэгэхээр Монгол төрийн ёсзүй, ёс суртхууны асуудал энд босч ирж байхад УИХ дээр энэ талаас нь үнэлж, дүгнэж ярьсангүй. С.Баярцогт гэж хүнийг хэлэлцэх тухайгаа шийдэх л гэж жаахан жонхуу хутгаад өнгөрлөө гэж байсан.

Тэгвэл Ё.Отгонбаярын тухайд ч энэ маягаар асуудал яригдах ёстой нэгэн. Эхнэрийнх нь дансуудаар эргэлдсэн их хэмжээний мөнгөний угшил нь чухам хаанаас эхтэй вэ гэдгийг хууль хяналтынхан тогтоох ёстой. Хэдийгээр Ё.Отгонбаярыг шалгах хуулийн үндэслэл байхгүй гэгдсэн ч, түүнд хариуцлага гэж нэг юм байх ёстой. Тэр түшээгийн суудалдаа чаргууцалдан суух бус өөрийнхөө үйлдэл цэвэр нэгэн гэдгийг батлах ёстой юм.
За мөн бүтэн парламент бүтэн биш болж мэдэхээр нэгэн асуудал олны анхааралд орж ирсэн нь Р.АмаржаргалУИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад хандан гаргасан явдал юм. Түүний асуудлыг сар гаруйн дараа гишүүд албан ёсоор хэлэлцээд түүнийг тас тэврээд аваад үлдсэн. Тэр харин тэрхүү тэврэлтээс мултран гарах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Одоогоор бол чимээгүй л байна. Агуулгыг нь авч үзвэл тун чухал үндэслэлүүдийг нэгэнтээ гаргаж ирсэн хүн гишүүдийн шийдвэрийг даган үлдэж, аалзны торыг хамтдаа сүлжих үү, эсвэл торноос гарч явах уу гэдэг асуулт анхаарал татсан хэвээрээ байгааг дахиад хэлье. УИХ-ын нэг гишүүний асуудал ийнхүү өөрийн сонголттой нь холбоотойгоор үлдэж байгаа бол бас нэг гишүүний асуудал анхааралд орж ирснээ чимээгүй боллоо. Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Авлигатай тэмцэх газрын дарга Н.Гандболдод хандан өөрийгөө шалгуулах хүсэлтийг тавьсан нь анхаарал татсан үйлдэл байсан. Тэрээр авлига болоод бусад хэрэгт холбогдсон нөхцөлд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзан шалгуулах бүрэн боломжтой гэдгээ хүсэлтдээ дурдсан байгаа. Харин АТГ түүнийг шалгахдаа УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлж байж шалгах учиртай тул дараагийн алхмаа хэзээ хийхийг нь олон нийт харж буй юм.
МАН-ынхны шинэ тоглолт..
УИХ дахь МАН-ын бүлэг шинэ даргатай болсныхоо дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан нь энэ оны хувьд хамгийн сүүлийн дуулиан шуугиан нь болж таарч байх шиг байна. Сайд нарыг нөгөөдүүл нь аваад үлдэнэ гэдгийг тэд мэдэж байсан ч, ингэж харагдах ёстой гэдэг үүднээс алхам хийсэн харагдаж буй.

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд улсын эдийн засаг сайнгүй байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч, сайд нарыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Хоёр сайд суудал дээрээ үлдэх нь тодорхой болсны араас МАН-ын бүлэг мэдээж зүгээр суугаагүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын байр бий болгох чиглэлээр Засгийн газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн бодлогын талаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн юм. Харин үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан юм. МАН-ын бүлгээс Засгийн газарт 17 санал хүргүүлсэн бөгөөд тэдгээр саналуудыг ажилгүйдэл улмаар ядуурлыг бууруулах бодлоготой нийцүүлэн ажил хэрэг болгохыг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Норовын Алтанхуягаас хичээнгүйлэн хүссэн юм. Ерөнхийдөө бол дарга нь өөрчлөгдсөн МАН-ын бүлгийн хувьд үлдсэн хугацаанд сөрөг хүчний хувиар зүгээр суухгүй гэдгээ харуулсан алхмуудыг оны төгсгөлд иймэрхүү маягаар хийж байгаа юм.
Улстөр үнэртсэн зарим үйл явдал
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өдгөө Өмнөд Солонгос улсад өнгө засан, эмчлүүлж суугаа. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наймдугаар сарын 1-ний өдөр зарлиг гарган уучилсан нь анхаарал татсан үйл явдлуудын нэг мөн л юм.УИХ-ын сонгуулийн өмнө оймстой хөлийг нь гозолзуулан авч яваад хорьж байсан хууль хүчнийхэн тийнхүү Ерөнхийлөгчийн зарлигийн өмнө мэхийсэн юм. УИХ-ын сонгуулиар МАНАН-г бүрэн сарниаж үгүй хийнэ хэмээн ширүүн үгс хэлж байсан экс Ерөнхийлөгч чухал сонгуулиудын дараа буюу МАХН нь АН-д дагаар орсон шахуу ийм үед уучлалын дагаа эрх чөлөөт нэгэн болчихоод байна.
За мөн яах аргагүй улстөр үнэртүүлсэн нэгэн асуудал бол МИАТ-ийн луйврын хэрэг юм. “Дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хооронд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон байдаг ч, ял зэм сонсох дээрээ тулахад зургаахан хүний асуудал яригдсан билээ. Ерөнхий прокурор Д.Дорлигжав анх хэлэхдээ энэ хэрэг улстөр, хууль хүчнийхэн гээд олон талын нөхдүүдийн оролцоотой, зохион байгуулалттай гэж байсан ч, өнөөгийн нөхцөл байдлыг харахад “тийм байсан гэж үү?” хэмээн түүнээс асуумаар санагдана. Учир нь хоёр шатны шүүхээс 10-13 жилийн ял сонсоод байсан МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг Дээд шүүхээр ороод гарахдаа зүсээ хувиргасан. Энэ хэрэгт холбогдогчдын цаана улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ байгаа гэж яригдаж ирсэн асуудлыг Дээд шүүхийн шийдвэр бүрэн үгүйсгэж чадаагүй учраас энэ хар бүрэн лавшрахад хүрсэн юм. Их хэмжээний мөнгө угаасан гэгдэж байсан, МИАТ-ийн удирдлагын багт ажиллаж асан зургаан этгээд хуулийн цоорхой ашиглан тоглолт хийн үйлдсэн хэргийнхээ үнэн төрхийг өөрчлөн ялаа хөнгөрүүлж чадсан. Тэдний өмнөөс Монголын урдаа барьдаг 20 өмгөөлөгч ажилласан ч, Дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрт хуудуу байгаа талаар манай сайт анх мэдээлж байсан билээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )