Хотын фракц Ховдын фракцын нэгдэл хаа хүртэл ханьсах бол?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

МАН Их хурлаа хийж ерөнхий нарийн бичгийн шинэ даргатай болсны дараахан тус намын нарийн бичгийн дарга, генсект өрсөлдөөд ялагдсан Ж.Сүхбаатар өөрийн твиттертээ “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Бадамжунай тэргүүтэн. Тагнуул цагдаа АТГ шүүх шашин нийслэл МАН АН дамжсан далд сүлжээг хэрсэн. Нам дамжсан, бас хуулийн ажилтнуудын халхавчид орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол доромжилж, даврах вэ. Авлигатай дайн зарлалаа л гэдэг. Авлигын мафийн эзэд яагаад шоронд орохгүй байна вэ” хэмээн жиргэсэн байсан. Гэхдээ төд удалгүй энэ жиргээгээ өөрөө устгасан байсан л даа. Энэ жиргээнээс “Авилгын загалмайлсан эцэг” гэгдээд байгаа нь УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Түндэвийн Бадамжунай, авлигатай дайн зарласан байж, загалмайлсан эцгийг нь хаацайлаад байгаа хүн нь төрийн тэргүүн юм байна гэж таамаглаж болно. Тэгээд ч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга байсан Т.Бадамжунайг АН-ын нэр дэвшигчийн талд ажилласан гэдэг яриа улс төрийн хүрээнийхэн дунд байж л байсан. Одоо өрнөж байгаа улс төрийн үйл явцаас харахад МАН-ын Хотын фракцыг АН-ынхан голдуу Ховдын фракцтай холбоотой болсон гэдэг хардлага байгаа энэ үед зуучлагч нь Т.Бадамжунай байжээ гээд харахад бас л нэг их хол зөрөхгүй болов уу. Хоёр фракцын дунд зуучлагчаар ажиллаж байгаа Т.Бадамжунай МАН үнэмлэхүй ялалт байгуулаад засаг барьж байх 2000-аад онд Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан, тус намын Хотын фракцынхны гол хүний нэг нь. Харин фракцыг ахлагч нь одоогийн МАН-ын дарга М.Энхболд. Нэг нь хотын дарга, нөгөө нь ерөнхий менежер байсан тэд тухайн үедээ намдаа нөлөө тогтоож, Хотын гэх фракцыг анхлан байгуулж байсан.

Харин улс төр дэх Ховдын фракцын тухайд бол хамгийн том төлөөлөл нь яах аргагүй одоогийн төрийн тэргүүн. Энэ фракц нам намын төлөөлөлтэй гэдгээрээ Увсын фракцтай төстэй. Ялгаатай нь Увсын фракцын гол цөм нь МАН-ынхан байдаг бол Ховдынхны лидерүүд АН-ынхнаас бүрддэг. Дээр хэлсэнчлэн төрийн тэргүүнийг тойрон бүрэлдсэн эл фракцад сүүлийн үед идэвхтэй нэгдээд байгаа нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар. Бас дээр нь С.Бямбацогт гишүүний баз хүргэн УИХ-ын гишүүн МҮАН-ын Д.Батцогт ч үүнд багтана.

Ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлж ганзага нийлсэн Хотын фракц, Ховдын фракц хоёрын хамгийн сүүлд зохион байгуулсан акц нь Засгийн газраас шүд сугалах гэсэн оролдлого байлаа. Засгийн газрыг бүхэлд нь унагах хэцүү бөгөөд харин нэг л шүд сугалаад, нэг л сайд огцруулчихбал тэр танхим ганхдаг гэдгийг Хотын фракцын тэргүүн ч, Ховдын фракцын тэргүүн ч Ерөнхий сайд байхдаа биеэрээ амсаж л байсан хүмүүс. Тэгэхээр хоёр сайдыг огцруулна гэдэг танхимыг бүхлээр нь огцруулахын эхлэл болох байлаа. Харин хоёр сайдыг огцруулах Байнгын хороодын хуралдааны үр дүнгээс харвал УИХ-ын нэгдсэн чуулганаар тэднийг авч үлдэх байх. Гэхдээ Ховдын бүлэглэлийн нэг, гишүүн С.Бямбацогтын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр хэлснээс үзвэл тэдний нэгдэл МАН-ын бүлгээр дамжуулан асуудлыг дахин тавьж магадгүй. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уржигдрын Байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газар хариуцлагагүй байдлаа засахгүй бол ирэх хавар ч биш, долоо хоногийн дараа дахиад асуудал тавина” хэмээсэн билээ. Хэрвээ хоёр нам, нэг эвслийн нэгдлээс бүрдсэн Шинэчлэлийн Засгийн газар огцорвол УИХ-д хамгийн олон суудалтай АН-ын дараагийн Засгийн газрын хамтрагч нь гарцаа байхгүй МАН байх болно. Энэ л эрх ашиг Хотын фракц Ховдын фракцад хадаг барин очих учир шалтгаан байжээ. МАН-ын дарга, хотын фракцын тэргүүн нь энэ тохиолдолд Шадар сайд, Ховдын фракцын гишүүн, МАН-ын бүлгийн дарга нь Сангийн сайд (Эсвэл Эдийн засгийн хөгжлийн сайд) болох нь гарцаагүй юм. МАН-тай хамтрахгүй аваас АН-ын дөрвөн Засгийн газрыг унагаж байсан 1996-2000 оны үе дахин давтагдана. Тэр үед “Ардчилсан холбоо” эвсэл одоогийнхоос ч хүчтэй, хүн олонтой байлаа. Үнэмлэхүй олонхид ганцхан суудал дутсан тэд УИХ-д 50-иулаа байв. Гэсэн ч өөрийн намын гурван Засгийн газрыг хамгаалж үлдэж чадаагүй л юм даа. М.Энхсайханы Засгийн газрыг 1998 онд огцруулснаар АН түүхэндээ анх удаа төр барьсан дөрвөн жилийн мөчлөгтөө дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн юм. Энэ дөрвөн жилийн хугацаанд М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, Р.Амаржаргалын гэсэн дөрвөн Засгийн газар ажиллах гэж нэлээд л эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Олон ч хуулийн төслүүд, төрийн олон ч том бодлогуудыг сөрөг хүчний сөрөлтөд орж сураг алдарсан даа.

Энэ Засгийн газрыг огцруулбал АН-д хоёр л сонголт үлдэх гээд байна. МАН-тай хамтарч МАНАН дахин татуулна, эс бөгөөс дөрвөн Ерөнхий сайд төрүүлсэн 1996-2000 оны түүхээ давтах. Хэрвээ эхнийхийг нь сонговол ирэх сонгуулийн дүн нь эргэлзээгүйгээр АН-ын эсрэг гарна, дараагийнхыг нь сонговол Оюутолгой, Тавантолгой, “РиоТинто”, Төмөр замын төслүүд, “Чингис”, “Самурай” бондуудад цөмд нь баяртай гэж хэлэх л үлдэнэ.

Ховдын хийгээд Хотын фракцуудын хүсэл ердөө л энэ дээр огтлолцож байгаа бололтой. МАН дахь Хотын фракцынхны үйлдлийг далдуурхан дэмжиж, Засгийн газрыг хэлсэн үг болгондоо чимхэх Ховдын фракцын тэргүүний үйлдэл зэргээс харахад шүү дээ.

7

С.ОНОНТУУЛ Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ц(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Энэ мангар авгай их хуцжээ.өөр ажил байдаггүй л юм байхдаа.энэн нөхрййн саналаар болдог гэнээ.МОНГОЛ УЛС

1  |  0
ц(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Энэ мангар авгай их хуцжээ.өөр ажил байдаггүй л юм байхдаа.энэн нөхрййн саналаар болдог гэнээ.МОНГОЛ УЛС

1  |  0
Top