МАХН-МҮАН-ын “Шударга-ёс” эвслээс зарласан хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Ч.Улаан “Тавьж байгаа үндэслэлд бид нэг бүрчлэн тайлбар гаргаж өглөө. Энд шууд хууль зөрчсөн гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тайлбар өгнө гэдэг цаанаа шийдвэр гарч байна гэсэн үг. Нэгэнт хуулийн үндэслэл тогтоогдоогүй учраас сайд нарыг огцруулах талаар шийдвэр гарахгүй гэж ойлгож болно” гэж мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, тэрбээр МАН-ын огцруулах хүсэлт үндэслэлгүй, хуулиас гадуурх зүйл гэж үзэж буй ажээ. Учир нь МАН огцруулах хүсэлтдээ Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдуудын хариуцлагагүй байдлаас үүдэн эдийн засгийн өнөөгийн таагүй байдал үүссэн гэх дүгнэлт хавсаргасан. Харин Сангийн сайд Ч.Улааны хэлснээр, төсөвт тодотгол хийх нөхцөлийг Төсвийн тухай хуульд тодорхой заасан ба энэ оны эдийн засгийн байдалд тодотгол хийх шаардлагагүй байсан аж.
Түүний хэлснээр энэ оны нэг, хоёрдугаар улиралд төсөв алдагалгүй гарсан. Гэхдээ гуравдугаар улиралд алдагдал нэг хувьд хүрсэн ч энэ нь тодотгол хийх нөхцөл биш юм байна. Харин Засгийн газар эдийн засгийн ерөнхий төлөв, дөрөвдүгээр улирлын төсөөллийг харгалзан үзээд УИХ-д төсвийн тодотголыг өргөн барьж, хуулийн хугацаанд хэлэлцэн баталсан гэв.
Нөгөөтэйгүүр төсвийн орлого буурсан, тасалдсаныг хоёр сайдтай холбосон. Сангийн сайдын хэлж буйгаар, энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын ханш, эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас доогуур байсантай холбоотой ажээ.
Ийнхүү Сангийн сайд өөрийгээ огцрох ёсгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Хамгийн гол нь Ерөнхий сайд ч энэ хуралд байлцсан ба сайдуудыг огцруулах хүсэлт үндэслэлгүй гэдэгтэй санал нийлж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )
Sda min idej hanahgui bnuu