Ч.Улааны оронд Р.Амаржаргалыг тавих гээд л ...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Төрийн ордон хавиар ойрд “Огцрох” болон “Огцруулах” хүсэлтүүд хөвөрч, АН, МАН-ын бүлгүүд түргэн авцгаалаа. Өнөөдөр л гэхэд 14:00 цагт МАН-ын бүлэг хурал зарлаж, огцруулах хүсэлтийнхээ зөвийг нотлох бол 15:00 цагт АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийхээр болжээ.

Хоёр том намаас гадна МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эсвэл энэ талаарх байр сууриа илэрхийлсэн. Ер нь хоёр сайдын эгзэгтэй асуудал Засгийн газрыг дэнжигнүүлж, Байнгын хороодын хурлын товыг өөрчлөхөд нөлөөлсөн бололтой.

Яагаад гэвэл, өнөөдөр хуралдах ёстой байсан Эдийн засгийн, Төсвийн, Хуульзүйн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод тодорхойгүй гэх шалтгаанаар хуваарийг өөрчлүүлсэн. Учрыг лавлахад ирц бүрэн, хэлэлцэх асуудал тодорхой байсан гэнэ. Тэгэхээр хоёр сайдыг огцруулах, эс огцруулах асуудал л ийм байдалд хүргэсэн гэдэг нь ойлгомжтой.

Одоо улаан цайм харагдахгүй байгаа ч анзаарагдаж буй гол зүйл нь олонхийн зүгээс Н.Батбаярыг авч үлдэх алхмаа тодорхойлох гэж нэг их яарахгүй байгаад оршино. Харин “Шударга ёс” эвсэл ямар ч аргаар хамаагүй Ч.Улааныг суудалд нь үлдээхийг чармайх ба АН-тай эвлэрлийн гэрээ байгуулсан ч хамаагүй гэж байгаа гэнэ.

Үүний хажуугаар “хоёр сайдын” гэгдэж буй хэргийг он гарахаас өмнө л зохицуулах юм шүү гэж АН-ын нэр бүхий гишүүд энд тэнд шивнэлдэж эхэлжээ. Сураг сонсох нь, “Портуун”-ыг угаасаа огцруулахгүй, энэ асуудалд тэртэй тэргүй МАН хүчрэхгүй. Харин Ч.Улааны оронд Р.Амаржаргалыг тавих тохироонд хэдийнэ хүрчихсэн гэх яриа чих дэлсэв.

Эндээс харахад Засгийн газрыг дэнжигнүүлэн байж огцрох, эс огцрох, огцруулах, эс огцруулах тухай шуугиан эхнээсээ зохион байгуулалттай, эртнээс бэлдсэн нүүдэл байх тун магадлалтай болох нь. Тэгээд ч Ч.Улаан Н.Алтанхуягийн танхимд багтаж, Сангийн сайдын өндөр суудалд эвтэйхэн суусанд хуучин намынхан нь тун дургүй байсан. Тэгэхээр Ч.Улааны орон Р.Амаржаргалыг тавих гээд л элдэв эсийн юм зохиож байгаа гэдэг нь үнэн л юм байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(182.160.33.104) 2025 оны 03 сарын 13

амаржаргалдампу урсанзасгийнсай дынсуудалдочгэс энчочиххүнбиш.

1  |  0
Top