УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад, намынхаа ҮЗХ-оос гарах өргөдлөө намынхаа удирдлагад хандан гаргасан Р.Амаржаргал гишүүний асуудал дөрөв дэх долоо хоногтойгоо золгож байж сая албан ёсоор хэлэлцэгдэж эхэлсэн ч, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Тэгэхээр түүний дараачийн алхам нь анхаарал татаж байна. Сануулахад, Р.Амаржаргал гишүүнийг хүсэлт гаргаснаас хойшхи хоёр дахь долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр анхаарал татсан яриа өрнөсөн юм. Р.Амаржаргал өөрийн бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг хэлэлцэхгүй удсан шалтгааныг тодруулахад Байнгын хорооны дарга А.Бакей "Гишүүн өргөдлөө УИХ-ын даргын нэр дээр гаргасан. Долоо хоног бүр байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Таны өргөдлийг хэлэлцье гэсэн саналыг байнгын хорооны даргын хувьд Зөвлөлд гаргасан. "Хэлэлцэхийн хувьд хэлэлцэнэ, одоохондоо болоогүй гээд хэлэлцэх асуудалдаа оруулаагүй" гэх хариултыг өгсөн юм. Харин Р.Амаржаргал гишүүн "Одоохондоо болоогүй" гэдэг нь юу гэсэн үг юм бол? хэмээн тодруулахад А.Бакей: Үүнийг холбогдох дарга нараас асуусан нь дээр байх. Миний ойлгож байгаагаар та бол АН-аас нэр дэвшиж, энэ намын нэрийн өмнөөс УИХ-д сонгогдсон гишүүн. Мөн танд сонгогч олон түмнээс итгэл хүлээлгэсэн мандат байгаа. Тийм учраас хувь хүнийхээ хувьд тунгаан бодох нь зүйтэй гэсэн агуулга байгаа болов уу.” гэхэд Р.Амаржаргал: Надад бодох хугацаа олгож байгаа юм уу. Би бодчихсон. Нэлээд эрт бодсон. УИХ-ын гишүүнийг төрийн түшээ гэж өргөмжилдөг. Тэр хүмүүс нь асуудал тавьж байхад УИХ-ын удирдлага санаачилга гаргах хэрэгтэй гэж үзэж байна уу? хэмээн эргүүлэн асуухад А.Бакей: Танд түрүүн тайлбараа хэлсэн. Би танд байцаагдмааргүй байна.” гэж байв.
Тэгвэл нөгөө бодчихсон гишүүн болоод байцаагдмааргүй байсан дарга нар бусад гишүүдийн хамтаар асуудлаа хэлэлцээд ийм үр дүнд хүрэв. Хэрэв тэр зүтгэсэн чигээрээ явбал түүний суудал дээр хэн суух вэ гэдэг асуудал бодит утгаараа олны анхаарлыг татсан асуудал болж хувирна гэдгийг хэлээд байгаа. Түүнийг УИХ-ыг орхих гээд байгаагийн цаана МАН-ын С.Баяртай хийсэн тохироо явж байгаа гэх мэдээлэл ч гарсан байгаа. Ийм бор шувуунаас өмнө “Хас”-ын Ч.Ганхуягтай тохироо хийсэн гэх мэдээлэл ч бас гарсан. Хуулиараа тойргоос сонгогдсон гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх болон эргүүлэн татсан тохиолдолд тухайн тойрогт нөхөн сонгууль явуулах ёстой. Харин Р.Амаржаргал гишүүний сонгогдсон Сүхбаатар дүүргийн тойрогт нөхөн сонгууль явуулах юм бол МАН-аас нэр дэвшсэн Ч.Ганхуяг сонгогдох нь ойлгомжтой гэх урьдчилсан таамаглалууд хэвлэлээр гарч байлаа. Ер нь Р.Амаржаргал гишүүн дөрвөн долоо хоногийн өмнөөс эхлэн албан ёсоор дуулиан тарьсан юм. УИХ-ын даргын гарт өгсөн хүсэлтдээ гишүүнээс татгалзаад байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой бичээгүй нь анхаарал эхнээсээ татсан.
Тухайлбал, У.Хүрэлсүх гэр бүлийнхээ хүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болж байна гэдгээ мэдэгдэж байсанчлан, Р.Амаржаргалаас яг тийм бат ноттой үндэслэлийг сонсохыг хүлээсэн хандлага нийгэмд байсан. Тэгвэл тэрээр хүсэлт гаргах болсноо албан ёсоор тайлбарлалаа.
"Миний бие Монголын нийт ард түмэн, тэр дундаа намайг төрд илгээсэн Сүхбаатар дүүргийн сонгогчдодоо гүнээ хүндэтгэлтэй хандаж буйгаа юуны өмнө илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгээр би УИХ-д дөрвөн удаа сонгогдсоноос гадна Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албыг хашсан билээ. Энэ нь өдий зэрэгтэй яваа нь ганцхан Р.Амаржаргал гэж хувь хүний эрийн сайнынх биш юм. Монголын ард түмэн та бүхний хатуу дэмжлэг, халуун дулаан итгэлээс гадна миний гар бие оролцон үүсгэн байгуулсан ШДХ, МҮДН, МҮАН, АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдвар юм гэдгийг гүнээ ухамсарлан хүндэтгэн талархаж явдаг билээ. Миний бие УИХ-д анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэд та бүхнийхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирсэн" гэв. Тэрбээр гишүүнээсээ татгалзах шалтгаанаа дөрөв ангилан тодорхойлсон байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан нь содон цочирдмоор сонсогдож магадгүй. Гэхдээ нягтлан, тунгаан бодвол гайхах зүйл үгүй юм. Бас гэнэтийн шийдвэр ч байгаагүй юм. Субьектив талаас нь үзвэл, ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавраас ичээд өргөдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүйн байдлын төлөө, түүний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх. Обьектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ. Бидний даган дуурайх дуртай хөгжингүй орнууд өнөөдөр глобаль улс төр, эдийн засгийн хямралыг даван туулахуйц сайн засаглалын эрэл хайгуул хийж байна. Харин хүнд сорил, бэрхшээлтэй тулгарч явсаар өдийг хүргэсэн Монголын парламентын засаглал өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна.
•-Улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу, эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлж хийх үү,
•-Мэргэжлийн, мэргэшлийн ур чадвартай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу
•-Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү
•-Цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоо харгалзах уу
•-Алсын хараатай үндэсний стратеги уу, эсвэл түр зуурын ашиг хонжоо хөөх үү,
•-Дэлхийн эдийн засгийн мөчлөгийг харгалзах уу эсхүл сонгуулийн мөчлөгийн дөрвөн жилдээ хөтлөгдөх уу,
•-Шинэчлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент уу, эсвэл шинэчлэлийн хэлбэр хөөсөн парламент байх уу,
•-Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биендээ барьцаалагдан аалзны тороо сүлжээд явах уу
Энэ мэт улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрхзүйн маш олон асуудлыг хойшлуулашгүй шийдэх чадвартай парламент Монголд хэрэгтэй байна. Гэтэл тийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлага би хүлээх ёстой гэж үзэж байна." гэхчлэн хэлж байна.
Өнгөрсөн өдрүүдэд Р.Амаржаргал намынхаа өөр бусадтай нийлсэн хэсэгчилсэн тоглолт хийгээд байна уу гэж харах өнцгүүд бас байсан. Ямартаа л түүний хүсэлт шуугиан тарьсны маргааш Ж.Батзандан, С.Ганбаатар нар ч тоглолт хийж, Ж.Батзандан бүр Р.Амаржаргалыг дэмжиж буйгаа хэлээд Засгийн Газрын өмнөөс Ерөнхий сайд хариуцлага хүлээх учиртай. Хэрэв чадахгүй бол араас нь Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах олон шудрага гишүүн байгаа. Би ч тэдний нэг гэх агуулгатай зүйлийг ярьсан юм. Гэхдээ дараахан нь хэвлэлд ингэж ярьсныхаа араас өөрийнхөө нэрийг эвтэйхэн байдлаар сугалчих санаатай гүйж яваа нь ултөрчийн хувьд тавьтиргүй үйлдэл болон харагдаж байв.
Ерөнхийдөө Р.Амаржаргалын дуулиан шуугиан дагуулсан хүсэлтийг тойрсон улстөржилт 4 дэх долоо хоногтоо үргэлжилэхдээ ийнхүү байнгын хороогоор орон үл зөвшөөрөгдөв. Гэхдээ энэ нь Р.Амаржаргал суудалдаа үлдэхээс өөр сонголтгүй боллоо гэсэн үг биш юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
shineer zasag baiguulagdval Ganbaatariig UUL UURHAIN SAID Batzandang Huul zuin said bolgoh heregtei