Боомтын тухай хуулийг байнгын хороонд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Тухайлбал,  А.Бакей гишүүн “Тухайн орон нутгийн удирдлага боомтын үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ” гэсэн асуултад ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг “Боомтын зөвлөлд орон нутгийн төлөөлөл оролцож байгаа учраас боомтын хөгжлийг, орон нутагтай хамтатгаж, уялдааг хангах нь зөв, дэд бүтцийг зөвлөлдөх шаардлага гарч байгаа. Боомтын зөвлөлтэй орон нутгийн удирдлага хамтарч ажиллана гэж ойлгож болох юм. Гэхдээ боомтын дарга нь шийдвэрийг гаргаад явна” гэж хариуллаа. 

Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Боомтын захиргааг Засгийн газар, Шадар сайдын хэн нь хариуцах вэ гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн ч өөрийн хүсэлтээр саналаа эргүүлэн татаж байна” гэсэнд  Д.Дэмбэрэл гишүүн “Боомтын захиргааг оруулж ирэх шаардлагагүй байсан. Засгийн газрын бүтцийг нэмэгдүүлээд байна. Ерөнхийлөгчийн хэлснээр Том төрөөс ухаалаг төр лүү явахын тулд данхайсан бүтцийг нэмэгдүүлэхгүй байх ёстой” хэмээв.

Ийн гишүүд асуулт асууж хариултаа авч дуусмагц Боомтын тухай хуулийн зүйл заалт бүрээр санал хурааж, байнгын хороонд хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top