УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарлажээ. Үүнээс урьтаж үдээс өмнөдөө УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв хийгээд түүнтэй холбоотой өргөн мэдүүлсэн төслүүдийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Тус байнгын хороо хуралдаж дууссаны дараа УИХ-ын чуулганыг хуралдуулахаар товложээ. Үүгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх болж байна. Уг хуульд өөрчлөлт оруулах бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээх ёстой. Эс чадвал хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаана. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан нөхцөлд ирэх жил Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэх боломж нээгдэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэх нь зохисгүй , эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэх байр суурийг барьсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )