Эдийн засгийн байнгын хороо хуралдааныхаа эхэнд Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Учир нь Зам тээврийн сайд А.Гансүх салбарынхаа төсвийг нэмэгдүүлэх саналыг ажлын хэсэгт гаргасан юм байна. Үүнтэй холбоотойгоор байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд "Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэх, үнэхээр зам тээврийн салбарын төсвийг ирэх онд нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж үзэж байгаа юу" гэдэгт Сангийн сайдыг хариулт өгөхийг хүссэн. Сайд Ч.Улааны тайлбараар дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байв. Тиймээс УИХ-ын гишүүд "Төсвийг нэмэгдүүлэх асуудлыг нягтлах шаардлагатай. Ер нь сайд нар бие даан төсвөө нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д тавиад, тэр бүгдийг нь гүйцээнэ гэвэл ирэх оны төсөв даахгүй. Дээр нь УИХ дахь намын бүлгүүдийн төвшинд 2014 оны төсвийн төсөл дээр саналаа нэгтгэх асуудлууд дутуу байгаа. Тийм учраас ирэх оны төсвийн төслийг хойшлуулах шаардлага байна" гэж үзсэн юм. Дээрх асуудал дээр гишүүдийн олонх санал нэгдсэн учир төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулав.

Сэтгэгдэл ( 0 )