Манай улс Өмнөд Америк дахь анхны ЭСЯ-аа Бразилд нээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 11

Гадаад харилцааны сайд Л.Болд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Валдемар Карнейро Леао-Нетог Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд Элчин сайдад Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын албаа албан ёсоор хүлээн авч үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс Латин Америкийн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх үүднээс Өмнөд Америк дахь анхны ЭСЯ-аа Бразилийн нийслэл Бразилиа хотод нээх шийдвэр гаргасныг тэмдэглэв.

Элчин сайд Бразилиа хотод ЭСЯ нээх шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

Мөн уулзалтын үеэр олон талт хамтын ажиллагааны хүрээнд цаашид идэвхтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх асуудлыг хөндөн ярилцжээ.

Уулзалтын төгсгөлд сайд Л.Болд Элчин сайдад үүрэгт ажилдаа орсонд нь дахин баяр хүргэснээр уулзалт өндөрлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top