Жерар Депардье: ” Би Францын биш дэлхийн иргэн”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

2012 оны сүүлээр Жерар Депардье Францын хилтэй залгаа Бельгийн Нешен гэдэг газар хуучны гаалийн байшинг худалдан авчээ.

Энэ нь жинхэнэ хэрүүлийн алимны эх суурийг тавьж  татвраас зайлсхийхийг санаатай оролдсон гэх үндслэл дээр “дарин дээр нь давс нэмсэн” хэрэг боллоо.

Угаас Францын одоогийн ерөнхий сайд Жан Марк Эро татварын талаар дэндүү мугуйд гэмээр бодлого явуулан дээдсийн  аливаа ашиг орлогын 75 хувийг татварт суутгах шийдвэр гаргасан нь олон түмний дургүйцлийг хүргээд байсан юм.

Энэ бухимдал инээдмийн киноны  “их аваргыг” тойрсонгүй.

Асуудал нь өөрөө хошин үзэгдэл мэт болж Депардье ерөнхий сайдад ил захидал илгээн иргэний паспорт,тооцооны картын хамт хүргүүлсэнийг ”Journal du Dimanche”сонин бүрэн эхээр нь нийтэлж байсан.

Тэрээр ил захидалдаа:”Намайг ингэж шүүн шийтгэх хэн бэ? гэж танаас асууж байна.Эро гуай.Та хэн бэ? гэж дахин асууж байна.

Би хэнийгч алж устгаагүй.Ёс бус ямар ч гэмт хэрэг үйлдээгүй.

Би 45 жилийн хугацаанд 145 сая еврог татварт төлсөн юм шүү.80 гаруй хүнийг ч ажлын байраар хангаж ирлээ.

Надад харамсаж, тал засан магтах ч хэрэггүй .Зөвхөн дэндүү “өрөвдөлтэй оролдлого”-ийг чинь сануулах гэсэн юм” гэж бичжээ.

Ийнхүү Жерар Депардье өнгөрсөн оны сүүлээр Франц улсын иргэншлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрээр захиандаа цааш өгүүлэхдээ:”Эх оронч үзэл” гэдэг ойлголт  хуучирсаныг дурдаад өөрийгөө Францын биш дэлхийн иргэн гэдгээ онцолсон байна.

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2012 оны 12 сарын 20-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр ”Хэрвээ Жерар үнэхээр ОХУ-д амьдрах болон тус улсын иргэншил хүсэж байгаа бол энэ асуудлыг нааштайгаар шийдэж болох юм “гэж амласандаа хүрч 1сарын 3 –ны өдөр нэрт жүжигчин Жерар Депардьег ОХУ-ын иргэн  болсон тухай тушаалд гарын үсгээ зуржээ.

Экс -Францын жүжигчин Жерар Ксавье Марсель Депардье 1948 оны 12 сарын 27-нд Шаторид төржээ.

 Тэрээр 1990 оны “Алтан бөмбөрцөг” кино наадмын “шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал,”Сезар”-ийн шагнал \1980,1990\  Хүндэт легионы болон “Алдар гавяа”-ны төлөө  одонгуудын эзэн билээ.

Жерарийн аав ”Аххүү” хочит  Рене Депардье нь  ямар ч сургууль соёл,эрдэм боловсролгүй хөдөөгийн дэндүү хэнэггүй  нэгэн “товарищ” байжээ.

“Аххүү” Алис Марийетай \Лилета\ дэлхийн II  дайны ялалтын цуурай бүдэг бадаг сонсдож байсан ч хүнд хэцүүхэн 1944 онд Германы бүслэлтээс амь хорогдсон  орох орон, оочих аягагүй шахам ядуухан орчинд  дэр нэгтгэж байжээ.

1945 онд том хүү Ален ,2 жилийн дараа охин Элен жилийн дараа дахин Жерар хүү мэндэлсэн нь аав,ээждээ баяр хөөр болохоос  хоногийн  талхыг нь хомслох нэгэн ам нэмэгдлээ гэж тэр үед бодоо биз.Хожим Депардье гэдэг овгийг кино урлагт алдаршуулах бяцхан хүү бойжиж буйг аав нь яахин төсөөлөх билээ.

Амьдралд цөхөрсөн  “Аххүү” цагаандаа гарч хонон өнжин эхнэр хүүхдүүдээ орхин бор дарс хүртэх болжээ.

Архины нэг мухлагаас нөгөөгийн хооронд  даяласаар ирэн очин дампуурсан аав нь бяцхан Жерарт дахин Катрин,Франк,Эрик гэсэн гурван дүүг төвөггүй ”бэлэглэж” чаджээ.

Хэрүүл шуугиантай хүйтэн хөндий энэ айлын хамаг  хүнд ачааг ээж нь ганцаараа нуруундаа үүрч явжээ.

Гэр бүлийн таагүй орчин хичээлдээ тийм муугүй ч Жерариийг жожиг ,бүрэг,хэл ярианы хөгжлөөр дутмаг болгон  хүмүүжүүлжээ.Анхдаа түүнийг хүмүүс зүгээр дуугүй чимээгүй хүүхэд л гэж ойлгодог байж.

НАТО-гийн эвслийн цэргүүд Шатори тосгонд хүрэлцэн  ирсэн нь тэр хавийн олон залуус Америкийн кино,соёл ,дуу хөгжимтэй танилцах таатай орчин бүрджээ.

Жерар Депардье бусад хүүхдүүдийн адил хараал зүхэл болсон орон гэрээсээ илүү дуу хуур хөгжөөн цэнгэлтэй цэргийн хуаран луу байнга тэмүүлэх болжээ.Хичээл сургуулиа шамдахаа больсон тэрээр 1962 онд бүрэн  бус дунд боловсролын үнэмлэх авангуут сургуулиа эргэж буцалтгүй нэг мөсөн хаяжээ.

Тэр намраа Депардье Шатори хотынхоо хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажилд орсон байдаг.

Соёл урлагт шимтэн Америк цэргийн баазаас салахаа больсон хүү боксын спортоор ч хичээллэж үзжээ.

Хэзээний  бадриун чийрэг Жерар төдиийлөн амжилт гаргалгүй ихэвчлэн  шилдэг тамирчдын бэлтгэл хангагч байсан гэдэг.

Гэвч түүний  нэгэн тэмцээний үеэр боксын спортоос үлдсэн ул мөр хожмын инээдмийн кино урлагийн тодотгох имиж болсон муруй хамар нь болон үлджээ.

Жерар цагтаа зүгээр л мөрөөрөө“муруй хамарлаж” явсангүй.Бас ”урт гартай ”хэдэн нөхдийг даган цэргийн ангиас  машины түлш зэргийг дэлсээд зарчихдаг байжээ.

Хэд хэдэн удаа “журмын” нөхдийн хамтаар баривчлагдан цагдаад шалгагдаж золтой л насанд хүрээгүй хүүхдийн засан хүмүүжүүлэх газар луу илгээгдэх дөхжээ.

Хэдийгээр бүтэлгүйчүүлтэй  хэсэг орооцолдсон ч тэрээр багаасаа өөртөө итгэлтэй ,биеэ даасан, зорьсон хэргийнхээ төлөө зоримог шийдвэр гаргах сэтгэлийн тэнхээтэй нэгэн болж чадсан байв.

Тэрээр ойр хавийн хот,тосгод төдийгүй газар дундын тэнгис хүртэл аялаад амжжээ.

1965 онд Жерар хэрвээ эцэг эхдээ ч дуулгалгүй нийслэл Парисыг зориогүйсэн бол насаараа төрөлх Шаторидоо үлдэх байсан гэж өөрөө хожим дурссан байдаг.

Зүгээр л сониуч зандаа хөтлөгдөн  нийслэлийг зорьсон хүүгийн өмнө урьд нь хэзээ ч үзэж байгаагүй  үзэсгэлэнт Парис угтжээ.

Анхандаа гуравхан хононо гэж бодсон Жерар “визээ”хэтрүүлчихэв. 

Тэрээр жүжиглэх урлагт хүчээ  сорихоор шийдэн Франц даяар алдарт театр урлагийн профессор Жан Лоран Кошегийн дамжаанд бүртгүүлжээ.

Нэгэнтээ багш нь түүний пантомимо үзүүлэхийг хараад  хүчирхэг далд авьяасыг нь таньжээ.Түүний  амжилтанд  талархан сургалтын  төлбрөөс  чөлөөлсөн байна.

Сонгодог жүжгийн хэсгээс цээжлэн унших хэл  найруулагийн хичээл дээр түүний ээрч муурсан, хазгай муруй болхи хэллэгийг сонсоод танхим дүүрэн инээдэм болдог байв.

Харин ганцхан профессор Жан Лоран Коше энэ бүхэнд тун хянуур анхааралтай ханддаг байв.

Жерарийн хэл заслын согогийг засахад шаардагдах  эмчилгээний зардлыг ч эрхэм профессор төлжээ.

Депардье ч багшийнхаа урмыг хугалсангүй хамгийн тэргүүний оюутан болж чаджээ.

1968 оны орчим тэрээр Кошегийн сургуулийн оюутан Элизабет Гиньотой танилцсан юм.

Элизабет  Парисын нэр хүнд бүхий язгууртаны охин бөгөөд тэд амьдралын өдөр, шөнө шиг өөр орчинд өссөн хүмүүжсэн ч урлагийн төлөөх үзэл бодол,хайр сэтгэл нь тэднийг ойртон холбож  1970 оны 4 сарын 11-нд хуримлажээ.

Тэдний амьдрал эвтэй найртай 26 жилийг өнгөрөөсөн боловч Жерарийн нууц хүүхэд гэнэт  илэрсэнээр 1996 онд хоёр тийшээ болжээ.

Жерар Депардье албан ёсоор 4 хүүхэдтэй юм байна.

Анхны эхнэр Элизабет Гиньо түүний хүү Гийом\1971-2008\,охин Жюли\1973\ нарыг төрүүлж өгжээ.

Харин Сенегалийн жүжигчин,загвар өмсөгч Карин Силла 1992 онд охин Роксанг Кампучи гаралтай Элен Бизо 2006 онд хүү Жанг төрүүлсэн байна.

Депардьегийн өөрийх нь хүлээн зөвшөөрснөөр 10 бүсгүйн  нийт 20 хүүхэд байдаг бөгөөд боломжийн мөнгөөр гарыг нь цайлгадагаас тэд хэзээ ч гомдолддоггүй гэнэ.

Жерар Депардьегийн өвөрмөц содон төрх нь инээдмйин киноны салбарт давуу тал болон үзэгчдийг ямагт байлдан дагуулдаг.

Тэрээр олон кинонд амжилттай тоглосон ч  өнгөц харахад садар самуун аястай мэт “Вальс бүжиглэгчид” кино\1974 \  тухайн үедээ шуугиулж  зөвхөн Францдаа 5,5 сая хүн үзсэн баримт бий.

Багагүй амжилт олсон залуу жүжигчин найруулагч Бертран Блиетэй дахин  хамтран “Хүйтэн зууш”\1979\,”Үдшийн даашинз”\1986\,”Чамд бол дэндүү сайхан”\1989\,”Баярлалаа,амьдрал”\1991\,”Жүжигчид”\2000\,”Ямар үнэтэй вэ?”\2005\ зэрэг шилдэг кинонуудыг хамтран бүтээсэн байдаг.

Түүний алдарт жүжигчин Пьер Ришартай хамтран тоглосон”Бүтэлгүйчүүд”\1981\,”Аавууд”\1983\,”Оргодлууд” шилдэг кинонуудтай манай үзэгчид Зөвлөлтийн кино дэлгэцээр дамжуулан эртнээс танил болсон билээ.

Өнөөдөр “эртний сайн ерөөл” гэмээр Жерар Депардье хэдий нь ОХУ-ын иргэн болчихсон хоёр толгойтой бүргэдийн сүлдтэй цамцаараа хаа сайгүй гангарч яваа харагддаг.

Угаасаа иргэншил нь ч тийм  байж.

Түүнд жинхэнэ Орос хүн байхаар олон чанар бий. Сибирийн хүдэр чийрэг аварга том бие,нэрэлхүү хирнээ дураараа  бас хэнэггүй чанар.Ганц  хоёр лонх водка зэргийг торохгүй  даах  “русский характер” .Дээрээс нь “закуска” болгоод эрэмгий  “Иван зориг”  ч заяажээ.

Орос хэлний хувьд ч яахав дээ.Зайлуул.Тэртэй тэргүй Франц хэлээ төвөгтэйхэн эзэмшсэн юм билээ.

Л.Мөнхбат

 

 

 

 

 

.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганбаа(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

сонирхолтой бичжээ.Шог зураач Лумо ахдаа инээдмийн баярын мэнд хүргэе.Шог зургаа зурахаа мартав аа.Та шүү

1  |  0
tumur(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

goy bichije.

1  |  0
болдоо(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

мөнхбат гуай гоё бичжээ.Ялангуяа төгсөл нь үнэн бөгөөд хөгжилтэй.Гэхдэ

1  |  0
амгаа(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

маш сонирхолтой бичжээ

1  |  0
AMRAA(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

SONIRHOLTOI BICHJEE

1  |  0
Top