Ерөнхий сайд Н.Алтанхуяг МСҮТ-үүдэд ажиллалаа. “Авто тав” сургалтын төвийн 30-45 хоногийн сургалтад хамрагдаж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонсчээ. Нэг хүний сургалтын төлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 500 мянган төгрөг зарцуулж, суралцагчдад унаа, хоолны мөнгө өгдөг ажээ.
Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлснээс хойш 1-2 сарын дараа биржээс утасдаж ажил олгогчийн ярилцлагад оруулсан. Тэнцэж гэрээ байгуулаад суралцаж байгаагаа иргэд ярьж байлаа. Засгийн газраас олгосон энэ боломжийг зөв ашиглаж сахилга бат, хариуцлагатай байж сайн ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднээс хүслээ.
Ерөнхий сайдын дараагийн очсон Техник, технологийн коллеж, Төмөр замын МСҮТ нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд эдгээрт нийт долоон мэргэжлээр 140 хүн суралцаж байна. Онолын хичээл нь дуусаж, дадлагад гарах гэж байгаагаа Ерөнхий сайдад тэд танилцуулж байлаа.
Ажил хайж байгаа болон тодорхой эзэмшсэн мэргэжилгүй хэмээн гэртээ сууж байгаа хүмүүс Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлж, энэ хөтөлбөрт хамрагдан мэргэжилтэй ажилчин болж ажилтай, орлоготой болохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр зөвлөж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )