Нийслэлийг 1.6 тэрбумын алдагдалд оруулсан экс даргыг шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

Улсад 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэгдэх “Багахангайн махны үйлдвэр”-ийн экс дарга П.Энхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлнэ гэх мэдээлэл байсан. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээс үзэхэд түүнийг шалгаад эхэлсэн байна. Ер нь бол “Багахангайн махны үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хуудуутай явж ирсэн байна гэдгийг нийслэлийн удирдлагууд нэгдүгээр сард дуулгасан юм. Тус үйлдвэр 2012 онд тэрбум гаруй төгрөгөөр нөөцийн мах бэлтгэхдээ алдаа гаргасан гэж  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н. Батаа мэдэгдсэн.

Тодруулбал, 2012 онд мах бэлтгэхдээ 2011 онд Дархан-Уул аймагт экспортод гаргахаар бэлтгээд гаргаж чадаагүй  махыг нөөцөлсөн болох нь шалгалтаар тогтоогдсон байсан. НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Ганхуягийн хийсэн тайлбараас үзэхэд уг махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй,  улсын байцаагчийн дүгнэлтээр устгах акт үйлдэгдсэн мах гэж байсан. Тиймээс тухайн махыг нөөцлөхөд зарцуулсан хөрөнгө нийслэлийн алдагдал болж яригдсан бөгөөд устгалд орох болсон махыг хэн хэзээ, хэрхэн бэлтгэж нийслэлийг алдагдалд оруулсан болохыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлээд байсан юм.  

Түүнчлэн асуудал АТГ-д очоод байгаа аж. Тус үйлдвэрийн бэлтгэсэн махны асуудал зөвхөн Дархан-Уул аймгаас авсан биш аж. Нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн 30 тонн махыг Увс, Дархан-Уул аймгаас бэлтгэсэн нь “өмхийрсөн” аж. Ер нь Багахангайн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой но-той асуудлууд цөөнгүй байдаг. Нийслэлийн өмчит тус компани жил бүр л тендерт оролцож, тодорхой хэмжээний мөнгө авдаг. Түүнчлэн хуурамч баримт бүрдүүлж мөнгө завшдаг, өөр компанийн бэлтгэсэн махыг өөрийнх болгож, холбогдох байгууллагад үзүүлдэг, зун, намар нь ямар ч мах бэлтгээгүй атлаа “Хүчит шонхор” захаас мах бөөндөн авч, махны үнэ өсгөсөн зэрэг хууль бус үйлдэл гаргасан гэгддэг хэд хэдэн компанийн нэг юм.

Уг нь тус үйлдвэрт мах бэлтгүүлэхээр Засгийн газраас өнгөрсөн онд 20 тэрбум төгрөг олгосон аж. Харин хавар малчид мал зарахгүй байсан учраас 18 тэрбумыг улсад буцааж, нэг тэрбум 636 сая төгрөгөөр мах бэлтгэсэн нь ийнхүү асуудал дагуулаад байгаа аж.

Ер нь нөөцийн махтай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг харахад махны үнэ дагасан иргэдийн гомдол тасрахгүй байгаа. Иргэд яс голцуу савласан нөөцийн гэгдэх махыг бус арай цулдуу шим шөлтэй мах аваад хүнсэндээ хэрэглэчих юмсан гэсэндээ нөөцийн бус махыг сонгоход хүрч байгаа ч, үнэ нь дийлдэхгүй нь гэж гомдоллож байгаа юм.  “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүллээ гээд байгаа ч, үр дүн нь хөрсөн дээр буухгүй байна гэж буй юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ddd(112.72.12.49) 2025 оны 03 сарын 13

humuuus ulsuj max unetei bhad dabartsan nobshnuud be shorond ni hiii

1  |  0
Jdjeje(213.166.199.66) 2025 оны 03 сарын 13

Bayr batboldiin baiguulsan hulgaich niigmiiin vr dagvar ene dee

1  |  0
БУУРАЛ(202.179.20.156) 2025 оны 03 сарын 13

УЛААН ЛУЙВАРЧИД БАЙЖ ДЭЭ ХӨӨРХИЙ

1  |  0
Top