Манай улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн ороод 23 дахь жилтэйгээ золгож байна. Өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал, тэр дундаа бага насны хүүхдээр хурдны морь унуулан, эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэх болсон нь анхаарахгүй өнгөрүүлэх асуудал биш юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Комиссын 2008, 2011 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг тусгайлан оруулж, ХЭҮК-ын Зөвлөмжийг УИХ, Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хүүхэд зугаа цэнгэлийн золиос биш” зэрэг тв шторк, нэвтрүүлгүүдийг бэлтгэн цацаж байлаа.
Комиссоос хурдан морины хүүхдийн хөдөлмөрийг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт хамруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, хэрвээ ийм төрлийн хөдөлмөрт хамруулах боломжгүй гэж үзвэл хурдан морины уралдааны тухай асуудлыг хуулиар зохицуулж, хурдан морь унах хүүхдийн насны хязгаарыг 9-өөс доошгүй байхаар тогтоох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд нь тавих шаардлагыг өндөржүүлж, хөдөлмөрийг нь шударгаар үнэлдэг зохицуулалтыг бий болгох саналыг гаргаж байв.
“Хуулиар тогтоосон наснаас бага насны хүүхдээр хурдан морь унуулсан, даатгалд хамруулаагүй, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй бол буруутай этгээдийг захиргааны журмаар торгууль ногдуулдаг, дээрх шаардлагыг хангаагүйн улмаас хүүхдийн биед гэмтэл учирсан, амь нас нь хохирсон бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалт бий болгох” ХЭҮК-ын Зөвлөмжийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг өнөөдрийн нөхцөл байдал, гашуун сургамж харуулж байна. Хүүхдийг зугаа цэнгэлийн золиос болгох явдлыг таслан зогсоох, үндэсний хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэх, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлж, хариуцлага хүлээлгэх эзэнтэй болгох, ХЭҮК-ын Зөвлөмжийг нэн даруй ажил хэрэг болгохыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад сануулж байна.
Мөн Хүүхдийн төлөө үндэсний газартай Санамж бичиг байгуулан энэ чиглэлээр хамтран ажиллаж байна.
Цаашдаа ч энэхүү асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлж, тодорхой үр дүнд хүртэл нь ажиллагаа явуулсаар байх болно.

Сэтгэгдэл ( 1 )
zov2. uyachid ner zuusen casinochdiig chang**** heregtei