Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 19 тугал хорогдсон шалтгаан нь Францын “Арева” компанийн охин компани Кожеговь компанийн үйл ажиллагаатай холбоотой гэх агуулгатай мэдээллийг Мал Эмнэлэг, Үржлийн газраас нийтэд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн. Шинжилгээний хариу эцсийн байдлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яаман дээр нэгтгэгдэн гарна гэх мэдээллийг албаныхан өгч ирсэн ч, одоогийн байдлаар мэдээлэл гаргаагүй байгаа юм. “Коммент” булан Кожеговь компани болоод үүсээд байгаа асуудалтай холбоотой мэдээллүүдийг хүргэж байна.
- “Кожеговь” компани Сүхбаатар аймагт 14, Дорноговь аймагт 13 нийтдээ 27 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
-Тусгай зөвшөөрлүүдийг нь талбайн хэмжээгээр жагсаавал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших Хайрхан гэх нэр бүхий талбай нь 57385,43 га газрыг хамарч, дараагаар нь тус аймгийн Асгат суманд 40805,26 га,мөн Эрдэнэцагаан суманд 14376,45 га газар байна.
-Иргэн Д.Норсүрэнгийн 19 тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсоны дараа Цөмийн Энергийн Газраас 2012 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Дорноговь аймагт Цөмийн болон цацрагийн хяналт шалгалтыг улсын байцаагчид хийсэн.
-Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Л.Алдармаа, Б.Батдулам нар орж ажилласан.
-Цөмийн энергийн газрын хяналтын улсын байцаагчид цацрагийн хэмжилт хийж, химийн бодис болон бактерлогийн нөлөө байж болзошгүй гэж үзээд дээж аван шинжилгээнд өгөхөд, хариу нь хэвийн гарсан гэх мэдээлэл бий. Тугалуудын үхлийн шалтгаан нь цацрагийн бохирдол биш гэсэн мэдээллийг Цөмийн Энергийн Газраас хийдэг.
-ЦЭГ-ын Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга “Кожеговь” ХХК одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн аж. Тиймээс ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй” гэж мэдэгдсэн.
-Харин Мал Эмнэлэг, Үржлийн газраас иргэдийг сонсдог 11 11 төвөөр дамжуулан иргэний асуултад хариу мэдээлэл өгөхдөө “2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно” гэх мэдээллийг өгсөн бөгөөд хоёр хоногийн дараа энэхүү тайлбартаа залруулга хийхдээ “...Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” хэмээн өөрчилсөн байдаг.
-"Кожеговь" компани туршилтаар уран олборлохдоо хүхрийн хүчлийг газрын гүнд шахаж уусган баяжуулах аргыг хэрэглэдэг гэх мэдээлэл бий. Үүнээс болж гүний усанд хүхрийн хүчил нэвчиж үхэр үхэж байгаа гэж нутгийн иргэд үзэж байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ хүхэр бус селин гэдэг бодис гүний усанд нэвчсэн байж болзошгүй гэнэ.
-Селин гэдэг бодис нь хар тугалга, хром зэрэг металл шиг хүний биед ямар хор хохирол учруулахыг өнөөдрийг хүртэл бүрэн судлагдаагүй бодис аж.

Сэтгэгдэл ( 0 )