ЭМГЭНЭЛ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимид хүнд өвчний учир таалал төгссөнд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Б.Чимид нь Монгол Улсад ардчиллын үнэт зүйлсийг үр дүнтэй нутагшуулах, ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр ардчилсан хувьсгалын эхний өдрүүдээс эхлэн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж, 1960 оны Үндсэн хуулиас 1992 оны Үндсэн хуульд шилжих шилжилтийн үйл явцын эрх зүйн үндсийг тавих зорилгоор Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, улс төрийн зөвлөлдөх зөвлөлөөр тохиролцох, улмаар Ардын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахад онцгой хувь нэмэр оруулсан юм.
Б.Чимид нь Улсын Бага Хурлын нарийн бичгийн даргын хувьд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн дагуу байгуулагдсан байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлыг бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд төлөвшүүлэх, улмаар Монгол Улсад парламентын засаглалыг төлөвшүүлэхэд тэргүүлэн оролцсон гавьяатан юм.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж, төслийг боловсруулах, Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх, төслийн талаар олон нийтийн санал авах ажлыг зохион байгуулж, улмаар Ардын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах үйл явц хэдийгээр ээдрээ төвөгтэй байсан ч уг хуулийг баталсаны дараагаар депутатуудын гаргасан саналын дагуу түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат хуульч цолоор шагнасан явдал бол түүний гавьяа зүтгэлийг Монголын ард түмний төлөөлөл болсон депутатууд, Монгол Улсын төр зүй ёсоор үнэлсэн хэрэг байв.
Гавьяат хуульч Б.Чимид хамтран зүтгэгчиддээ зарчимч хатуу шаардлага тавихын зэрэгцээ зөвлөх, чиглүүлэх, зааж сургах, биеэр үлгэрлэн гүйцэтгэх чадварыг төрийн албанд баримтлах алтан зарчим болгон бидэнд үлдээсэн билээ.
Улсын Бага Хурлын гишүүд бид Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга агсан Бяраагийн Чимид гуайнхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Улсын Бага Хурлын гишүүд:
Р.Гончигдорж, , Ч.Аюурзана, Д.Балдан-Очир, Д.Баттулга, Л.Баяндалай, С.Баяр, С.Баярцогт, Д.Баярцэнгэл, А.Болат, Л.Болд, Ж.Бямбадорж, Ж.Бямбажав, П.Бямбацэрэн, Н.Ганбаяр, Да.Ганболд, До.Ганболд, Н.Ганбямба, Б.Гүнджалам, Д.Дамдин, Д.Дорлигжав, Д.Дэмбэрэл, Д.Жанцан, Н.Жанцан, Д,Ламжав, Д.Лүндээжанцан, Г.Лхагважав, Гү.Лхагважав, Ж.Норовсамбуу, О.Очиржав, Т.Очирхүү, Ц.Өөлд, Х.Пүрэвдагва, Б.Пүрэвдорж, Н.Самат, Н.Сампилноров, Ц.Товуусүрэн, П.Улаанхүү, Р.Хатанбаатар, Л.Цог, Ч.Цэрэндагва, Д.Чилхаажав, С.Чулуунбаатар, Ш.Шагдарсүрэн, Ц.Элбэгдорж, Д.Энхбаатар, Ц.Энхбат, М.Энхсайхан Я.Яндаг.

Сэтгэгдэл ( 0 )