Хеннинг Хаслунд-Кристенсен: Явна аа!

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Данийн алдарт аялагч Хаслунд-Кристенсений “Явна аа! гэдэг адал явдалт аяллын сонгомол бүтээл монгол хэлнээ орчуулагдаж гарлаа. Зохиогч номондоо зуугаад жилийн өмнөх Монгол орон, монголчуудын талаар гайхалтай сайхан дүрслэн бичсэн байдаг. “Явна аа! нь 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үед Төв Ази, Монголоор аялаж явсан Өрнөдийн алдарт аялагч-судлаачдын сонгомол бүтээлүүдийн цувралын тэргүүн дэвтэр болж хэвлэгдэн гарчээ. Уг ном гарсан цагаасаа эхлэн Facebook, Twitter болон ном сонирхогч клуб, нийгэмлэгийн гишүүдийн гол сэдэв болоод байгаа аж. Номын бүх дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Энэ номоос нэгэн түүхийг уншигчдадаа сонирхуулья.

...Дансүрэн хүүхэнд нугасгүй гэдгээ нуухгүй, тэгсэн хэрнээ айл болгон л түүнийг дуртайяа хүлээн авна. Тэр эрэмгий зоримог морьтон, анчин учраас эрчүүд түүнийг хүндлэнэ; тэр бас эр хүн шиг эр учраас хүүхнүүд дуртай байх нь яриангүй. Тэр надад нэг удаа шөнө дүлээр хүүхэн рүү яаж ойртож очдогоо ярьсан юм.

Догшин монгол ноход хүний ялгадасыг тансаг амттан хэмээн дурладаг. Хэрэв хэн нэгэн дээлийнхээ хормойг газарт дэлгээд суувал ноход хуцаж дайрахаа больж, хажууд нь чимээгүй хэвтэж, босоод явахыг нь хүлээнэ. Дансүрэн үүнийг ажиглаж мэдээд, энэ аргыг ашиглахаар шийдсэн гэнэ. Тэр айл руу хонь малын хашаа талаас нь сэмээрхэн гэтнэ. Хэрэв ноход салхи авбал хашаа руу ойртож, дайрах тохиолдолд дээрхийн адил газарт сууна. Ноход зогсож хүлээнэ. Байдлыг ажиж байгаад үсэрч босоод хууртагдсан ноход түүнийг араас нь зуухаас өмнө малын хашаа руу гүйж, ахиад л сууж, нохдыг хуурахын тулд сайн дүлж янцаглана. Иймэрхүү үйлдлээ давтан хашаа руу ойртсоор хашсан хонин дунд ганц үсрээд л орно доо. Хашаатай хонь үргэж, бөөн дуу шуугиан болно. Шөнийн цагаар иймэрхүү майлаан шуугиан чимээ гарвал, айлын ууган охин гэрээсээ гарч мал хуйгаа харна; охин хийх ёстой ажлаа хийхээр гэрээсээ юу ч болоогүй юм шиг гарч, Дансүрэнгийн бахим гарт орж, дур хорхой нь дүрэлзэх цээжинд нь наалдана даа. Тэгээд Дансүрэн тулааны талбарыг орхин одоход, охин, хонь малаа тайвшируулан тогтоож, нохойгоо хорьж өгөөд үднэ. Яагаад ингэж их удваа гэх үг гэрт унавал, бүсгүй малын тоо мөргөж байна уу гэж хонь малаа дахин дахин тоолсоор байгаад таарлаа гэнэ шүү дээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top