Драмын урлагийн шилдгийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам ойртож буй. Жил ирэх бүрт цар хүрээгээ нэмж, чанар чансаа нь сайжирч буй тус наадмын хувьд энэ жил ихээхэн онцлогтой. Тэгвэл өнгөрсөн намар тайзны анхны уран бүтээлээрээ үзэгчдийг уйлуулж, ухааруулаад авсан “ТВ-Коктейл” хамтлагийнхан энэ удаагийн наадамд өрсөлдөх гэнэ. Энэ ч утгаараа, ирэх баасан гарагт УДЭТ-ын тайзнаа “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ дахин тоглохоор болсон аж. “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргалтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа уншигч танд сонирхуулья.
-Тайзны анхны уран бүтээл тань үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Түүгээр ч зогсохгүй, энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд өрсөлдөх болсон нь үнэхээр таатай хэрэг юм?
-“ТВ-Коктейл” бол инээдмийн төрлөөр уран бүтээлээ хийдэг хамтлаг. Телевизийн шоу нэвтрүүлгээр олонд танигдсанаас хойш гурван ч кино хийлээ. “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-тэй хамтарсан “Сайн уу, амьдрал минь” болон “Намрын синдром”, “Мөнгөний гахай” зэрэг киногоороо өөрсдийн дотор байгаа бүхнийг гаргаж харуулсан. Өнгөрсөн намар тайзнаа тавигдсан “Хоёр ертөнцийн буудал” жүжиг маань цэвэр драмын бүтээл. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг болох Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Сэнгэдорж, хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар “Гэгээн Муза” наадмын “Шилдэг зураач” болсон н.Баярмагнай нар ажилласан. Жүжигчдийн хувьд гэвэл Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг, Б.Навчаа, жүжигчин Д.Эрдэнэ-Очир нарын ах эгч нар маань бидний урилгыг хүлээж авч тоглосонд баяртай байгаа.
-Тус жүжгийн Си эмчид тоглосон жүжигчин Л.Эрдэнэ-Очирын талаар үзэгчид төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Түүнийг урьж тоглуулсан нь их л сонирхол татсан?
-Тийм ээ, хуучнаар Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан чадварлаг уран бүтээлч. Гэвч театр хаалгаа барьсан цагаас хойш Л.Эрдэнэ-Очир эгч маань хувиараа бизнес эрхэлж явсан юм билээ. Харин бидний урилгыг хүлээж авахдаа “Би яг 12 жилийн дараа тайзан дээр гарах гэж байна. Надад ийм хариуцлагатай, нэр хүндтэй урилгыг өгсөнд баярлалаа” гэж хэлсэн дээ.
-Тайзны анхны уран бүтээлээрээ сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжиг сонгоход ихээхэн зориг шаардсан байх, тийм үү?
-Бидний хувьд, урлагийн сургууль төгссөнөөс хойш тайзны уран бүтээл хийгээгүй. Тэр тусмаа, драмын жүжигт тоглоогүй их удсан учраас нэлээд их ажиллагаа, ачаалал шаардсан сонголт байлаа. Хийж бүтээе гэсэн зорилго байвал юунд ч хүрч болдгийг энэ жүжгээрээ харуулж, их урамшсан шүү. “Хоёр буудлын ертөнц” жүжиг маань өнгөрсөн намар ДБЭТ, УДЭТ-ын тайзнаа 18 хоног тавигдсан. Үзэгчид ч их сайхан хүлээж авсан. Твиттер, фэйсбүүк хуудаснаас гадна уулзсан хүн бүр “Жүжгээ дахин тоглооч. Үзмээр байна” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ч бидэнд тайз олдоогүй. Театруудын хувьд, тайзныхаа цагийг эртнээс хуваарилдаг тул чөлөөт уран бүтээлчдэд тэр болгон олдохгүй. “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж байгаагийн хувьд энэ сарын 22-нд УДЭТ-ын тайзнаа дахин тоглох боломж гарсан. Мэдээж бид “Гэгээн Муза” наадамд оролцох зорилгоор уран бүтээлээ хийгээгүй. Хамгийн гол нь, тайзны урлагаар дамжуулан үзэгчдэдээ шинэ санаа өгч, нийгэмд дохио өгч байя гэсний үндсэн дээр эрэл хайгуул хийж энэ жүжгийг сонгосон хэрэг. Биднийг жүжгээ тавьж эхлэх үед “Гэгээн Муза” академийн зөвлөлөөс дэмжиж “Энэ бол наадамд өрсөлдөх бүтээл мөн” гэж хурцалсан. “Мэргэжлийн жүжигчид өрсөлддөг энэ том наадамд анхны бүтээлээрээ оролцоход болохгүй нь юу байхав” гээд урилгыг нь дуртайяа хүлээж авсан.
-Нийт хэчнээн төрөлд өрсөлдөж байгаа вэ?
-Зургаан төрөлд нэр дэвшсэн. “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, “Шилдэг хөгжмийн зохиолч”,”Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг эмэгтэй туслах дүр” зэрэг номинацид уран бүтээлчид маань нэр дэвшиж байгаа. Мэдээж, наадмын Гран при шагналын төлөө багаараа зүтгэнэ шүү дээ./инээв/

-“ТВ-Коктейл” хамтлагийг зөвхөн хошин нэвтрүүлгээр төсөөлж байсан үзэгчдэд нэгийг бодогдуулж, өөрсдийгөө харуулж чадсан нь том ололт. Энэ их урам зоригоос дараагийн уран бүтээлийн эрч хүчийг олж авсан байх?
-Тэгэлгүй яахав. Өдөр болгон шинэ санаа төрж, уран бүтээл хийнэ гэж юу байхав. Бидэнд ямар нэг карьер хөөгөөд байх шаардлага алга. Харин уран бүтээлээрээ энэ нийгмийг хааш нь дагуулж, юу хийж бүтээх гэсэн байдлаар эрэл хайгуул хийдэг. Уран бүтээлч хүний хувьд театрын амтанд орж л явна. Мөн дэлгэцийн уран бүтээлээ ч орхихгүй. “Хамтлагийн маань коктейл гэсэн нэр хүртэл өөр шүү дээ. Кино, жүжиг, шоу нэвтрүүлэг, дуу хөгжим, реклам сурталчилгаа зэрэг хийж чадах ямар ч ажилд өөрсдийнхөө авьяас чадварыг сорино. Үүгээрээ өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг илэрхийлэх хүсэл бий. Яг одоогийн байдлаар төдийд ингэнэ, тэгнэ гэж амлахад эрт байна. Бидэнд сонголт хийх маш олон ажил байгаа учраас тэр.
-Киноны хувьд бас л инээдмийн төрлөөр дагнах уу аль эсвэл өөр бодолтой явна уу. Энэ тал дээр төлөвлөгөө байгаа биз дээ?
-Байлгүй яахав. Өмнө хийсэн хоёр кино маань инээдмийн сэдэвтэй байсан шүү дээ. Харин одоо бол нэлээд том баг гаргаж, үзэгчдэд хэрэгтэй чухал санааг дэвшүүлсэн бүтээл хиймээр байна. Он цаг улирсан ч үзэгчид уйдахааргүй, яг л алтан үеийн кинонууд шиг... Ер нь уран бүтээл хийнэ гэдэг чинь маш их судалгаа шаардана. Киноны хувьд мэргэжлийн шилдэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хэн бүхэн хүсч байгаа нь тодорхой. Ямар зөвхөн “ТВ-Коктейл” хамтлаг монголын кино урлагийг төлөөлнө гэж байгаа биш. Бүтээлч сэтгэлгээтэй, чадварлаг сайн залуус урлагт зөндөө байгаа учраас тэдэнтэй хамтарч ажиллах боломж бий.
-Б.Энхбаяр “хөшигний ард” байгааг эс тооцвол Цоомоо, Аюуш та гурав л олны нүдэнд их өртдөг. Цаашдаа хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг өөрчлөх, цар хүрээгээ нэмэх болов уу?
-Хийхээр төлөвлөсөн ажил зөндөө байна аа. “ТВ-Коктейл” хамтлагийг продакшин,бүр кино компани болгож өргөжүүлэх бодол бий. Одоогоор төсөл төлөвлөгөө боловсруулаад л явж байна.
-Анимэйшн хүүхэлдэйн кино хийх ажил тань юу болов. Үндэсний хүүхэлдэйн баатартай болно гэсэн?
-Монголд энэ төрлийн хүүхэлдэйн кино хийхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж, ямар хүрээнд ажиллах талаар судалгаа хийсэн. Хүүхэлдэйн киноны зохиол маань хоёр, гурван хувилбараар гарч засагдаад явж байгаа. Анимэйшн гэдэг чинь манайд анх удаа нэвтэрч байгаа дэвшилтэт технологи шаардсан, шинэ урлаг шүү дээ. Монголчууд өөрсдөө энэ төрлийн кино хийж сурвал олон боломж нээгдэнэ. Тиймээс бид нар мөрөөдлөө хаяагүй, хүүхэлдэйн киногоо ч хийнэ. Боломж бололцоогоо хайгаад аль болох бүтээнэ дээ. “Яг бид нар өөрсдөө ийм кино хийнэ гэвэл дэндүү балчирдах юм байна. Энэ бол улсын хэмжээнд хийх ёстой ажил юм биш үү” гэж бодогдох үе бий. Гэхдээ бид энэ ажлыг өөрсдөө удирдаад авя явах бүрэн боломж байгаа гэдгийг мэдэрсэн.
-Хөдөөнөөс анх оюутан болж ирснээс хойш мөрөөдлийнхөө аль хэсэгт нь явж байгааг эргэж харвал..?
-Багадаа мөрөөдөж байсан бүхнээ биелүүлчихсэн. Дахиад шинээр мөрөөдөж эхэлсэн шүү дээ, би. Мөрөөдөл минь улам нэмэгдээд би бүр доошилчихсон. Хамтлагаа өргөжүүлж, урлагт өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулья гэж мөрөөдөхөөс эхлээд олон зүйл бий. Ялангуяа урлагийн хүн гэдэг утгаараа, үзэгчдийнхээ итгэл хүндлэлийг би дааж явах хэрэгтэй. Тийм учраас нэн түрүүнд боловсрох хэрэгтэй. Мэргэжлийнхээ дагуу дахиад сурна.
-Хаана сурна гэж..?
-Хаана ч сурч болно шүү дээ. Тайзан дээр ч, амьдрал дээр ч суралцах боломж зөндөө байна. Миний хувьд, өөрийгөө боловсруулахад анхаарна. Хийе гээд зориод явбал болохгүй юм гэж байхгүй. Манайх зах зээлийн нийгэмд шилжсэн, хөгжил дэвшил рүү эрчимтэй урагшилж байгаа ч гэсэн “Болохгүй байна аа” гээд яриад байвал болж бүтэхгүй юм зөндөө л тохиолдоно. Өнгөрсөн бүхнээ эргэж харахад үнэхээр болгоно гээд зориводл болдог л юм байна. Ахиад цаашаа болгоно гээд зүтгэнэ дээ. Бид нар өөрсдөө л өөрсдийгөө үнэлнэ үү гэхээс биш хэн ч, хэзээ ч бусдыг үнэлэхгүй. Үнэлэмжийн тухайд өөрсдөө л мэдэх асуудал.

-“ТВ-Коктейл”-ийг өдий хүртэл зангидаж ирсэн зүйл нь юу вэ?
-Хүсэл зорилго, мөрөөдлөө ярилцаад “Ямар ч үзэл бодол, амьдрал ахуйтай байсан хамаагүй. Энэ бол бидний хийх ёстой ажил” гэж тодорхойлсон. Үзэл бодлоороо бид өөр, өөр хүмүүс. Анх байгуулсан “ТВ-Коктейл” маань бид нарыг хаана аваачив. Энэ хамтлагийг зөвхөн бид дөрөв авч явахгүй. Бидэнтэй хамт зүрх сэтгэл, үзэл бодлоороо нэгдэж, дэмжиж тусалдаг тэр хүмүүсийн итгэлийг алдах эрх байхгүй. Тиймээс ямар ч асуудлаа ярилцаж, бие биеэ ойлгож чаддаг учраас энэ нөхөрлөл маань биднийг арван жил зангидсан байна.
-Хамтлагийнхаа ганц бүсгүйг хадамд гараад уран бүтээлээсээ хөндийрчихнө гэж болгоомжилдог уу. Ингэж хардах хүн ч цөөнгүй байгаа шүү?
-Үгүй ээ, энэ чинь хувь хүний л асуудал. Хамтлагийн асуудал бол хамтлагтаа л хамаарна. 21, 22 настай залуучууд анх нийлж байсан бол одоо 30 насны босго давсан, амьдрал ахуйгаа цэгцэлсэн яваа. Арван жил богинохон ч юм шиг, эсвэл нэг их урт ч юм шиг. Гэхдээ бид нар мориор яривал яг соёолон насан дээрээ байна. Юу ч хийе гээд зорьсон эрч хүчтэй, шантрахгүй үе дээрээ явна.
-Таны хувьд, амьдралаа хүссэнээрээ залж явах хэмжээнд хүрсэн гэж боддог уу. Санхүүгийн тал дээр сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Хангалуун байя гээд явбал бүтэхгүй байх аа. Хүний сэтгэл хэзээ ч ханахгүй. Ямар ч байсан мөр бүтэн, гэдэс цатгалан явбал болоо. Хамгийн гол нь хүсэл мөрөөдөлтэй байвал аз жаргалыг хаанаас ч олж болно. Зорилгоосоо хазайхгүй явж байвал бүх зүйл болж бүтнэ гэж би боддог. Амьдрал минь яг л миний хүссэнээр өрнөж байгаа. Шантарч болохгүй шүү дээ. Би яах гэж энэ олон жил мэргэжлийнхээ ажлыг хийж яваа юм бэ. Од болох гэж тэр үү, үгүй л байхгүй юу. Өөрийн болон найзуудын минь зорилго байгаа учраас би хийж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явдаг. Цаашдаа ч хийх зүйлдээ итгэлтэй байна.
-Шантарч мохсон үе хэр олон тохиолдсон бол..?
-Байлгүй яахав. Гэхдээ тухайн үеийн уур амьсгал дунд нь орхиод амархан мартдаг. Асуудал, бэрхшээл гээд тухайн үедээ л үүссэн стресс юм чинь. Нэг юм хийх гэхээр тоолох юм нь байхгүй. Мөнгөтэй л бол миний хүсэл биелэх юм шиг бодож явсан үе бий. Гэхдээ энэ хамгийн буруу юм билээ. Хаана ч ороод, хэнтэй ч уулзсан бай хамаагүй. Миний бодож байгаа зүйл, хийж байгаа ажил зөв байх ёстой. Хүнд хэрэгцээтэй, шинэлэг байж чадвал болно шүү дээ.
-Хамтлагийнхаа гишүүдийг юутай зүйрлэх вэ?
-Компьютерээр л зүйрлэнэ дээ. Иж бүрэн компьютерийн процессор нь манай Энхбаяр. Дэлгэц нь гэвэл манай Цоомоогийн царай харагдаж байгаа биз. Хамтлагийн маань шигтгээ болсон ганц бүсгүй Цэнд-Аюуш бол компьютерийн гар гэсэн үг. Би өөрөө хулгана нь./инээв/ Хувь хүнийхээ тал дээр дөрвүүлээ л өөр өөрийн гэсэн зан араншинтай улс. Харин одоо арван жил хамт байсан учраас бие биеэ харцаар нь ойлгодог болж. Хийж байгаа үйлдэл, байр байдлыг нь хараад л нэгнийхээ ажил, амьдрал ямархуу байгааг мэднэ.

-Хоёр хүүхэд тань хэдэн нас хүрч байгаа вэ?
-Хүү маань зургаан настай. Охин маань нялхаараа байгаа. Өрхийн тэргүүн учраас ажил, амьдралынхаа олон асуудлыг зохицуулах хэрэгтэй болдог нь үнэн. Харин их ажлын дараа хамгийн түрүүнд гэр рүүгээ яарна даа. Дөчин нас хүрэх үедээ ажил, амьдралынхаа үр шимийг хүртэж, өөрийн гэсэн ажлыг эхлүүлсэн байвал гоё. Тавин нас хүрэх үед хүүхдүүд маань том болно гээд дараа дараагийн асуудал байна аа. Хамгийн гол нь, ар гэрийн амьдралыг минь авч яваа эхнэртээ баярладаг шүү. Ер нь аль ч салбарт амжилттай яваа эрчүүдийн ард сайн эхнэрүүд нь байдаг. Миний сайн яваа нь аав ээж, ах дүүс, хань ижлийн минь ач гавьяа.
-Олны танил байх зарим үед хэцүү санагддаг уу, танд?
-Хүмүүс биднийг хүндэлж, дэмжиж байна гэдэг чинь маш том хариуцлага. Үүнийг нь улс төр, бизнест ашиглах бодол алга. Анх тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байгаа минь хүмүүст бахархах сэтгэл төрүүлж чадвал болоо.
-Нэг хэсэг дуулж бүжиглээд явж байсан. Юм юмыг л амжуулж явна даа?
-Жүжигчин гэдэг мэргэжлийн хамгийн гоё онцлог нь аль ч салбарт “ажиллах” боломжтой байдаг. Хүн инээлгэх юмуу уйлуулахдаа биш байхгүй юу. Хүн судлалын шинжлэх ухаан гэж хэлж болохоор. Хүн судлахын тулд би өөрөө ХҮН байх ёстой. Тиймээс жүжигчин болсондоо би үнэхээр сэтгэл хангалуун явдаг. Гадны зүйл гэхээсээ илүү бид нар Монгол ахуй, үндэснийхээ соёл уламжлалыг шингээх ёстой болов уу.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг бол..?
-Биеэ эрүүл, хөдөлгөөнтэй байлгахын тулд зав гарвал фитнесс, усан бассейнд хичээллэж байна. Шинэ санаа олохын тулд байнга ярилцаж, уншиж, судлах гээд л хөдөлгөөний дутагдалд орох шинжтэй. Ер нь шинэ соргог зүйл эрэлхийлж, хаана ч гэсэн “өлөн” нүдлээд явж байна шүү дээ./инээв/
Р.Мөнгөн







Сэтгэгдэл ( 0 )